Хүүхэд зодсон багш, бичлэг хийсэн багшийг заналхийлж эхэлжээ
Дундговь аймгийн "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч багш Ж.Отгонтөгс гэх эмэгтэй 10 сартай хүүг "Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар хайр найргүй зодож байгаа бичлэг нийгэмд шуугиан тарьж, энэ бичлэгийн мөрөөр тус аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгаж, хэргийн эзэн болох дээрх багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Түүнд эрүүгийн хуулийн 181,2-оор хэрэг үүсгэсэн байгаа бөгөөд хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 3-5 жилээр шийтгүүлэх хуулийн заалттай байгаа юм.
Уг бичлэгийг тус цэцэрлэгийн бага бүлгийн багш Э.Янжинлхам хийсэн бөгөөд тэрээр Ж.Отгонтөгсийг хүүхэд зоддог байсныг мэддэг байсан ч айж эмээгээд дарга нартаа хэлдэггүй байжээ. Тиймээс тэрбээр нууц бичлэг хийж тавьчихаад гараад явсан гэж мэдүүлсэн байна.
Утсаар бичлэг хийж байгаагүй мэдээгүй Ж.Отгонтөгс тогооч хүүхдийг зодож алгадаж, ам руу нь хоол чихэж байгаа бичлэгийг нь туслах багш нь өнгөрсөн аравдугаар сард хийж, саяхан Мэргэжлийн хяналтын газартаа бичлэгийг аваачиж өгсөн нь асуудал дэгдээсэн юм.
Харин тэр бичлэгийг холбогдох газруудад нь аваачиж өгч мэдэгдсэн багшийг хүүхэд зодсон Ж.Отгонтөгс тогооч элдвээр доромжилж, заналхийлж, өчигдөр гэхэд гэрийнх нь гадаа хутга барьж ирсэн гэх мэдээлэл гарах болов.
Энэ талаараа Э.Янжинлхам "Хутга барьж ирээгүй. Гэхдээ хэл амаараа доромжилж заналхийлэх болсон. Цэцэрлэгийн эрхлэгч нь түүний төрсөн эгч нь. Намайг бас элдвээр хэлж сайн сайхан явахыг чинь харна аа гэж хараасан. Тэр бичлэгийг эрхлэгчид үзүүлсэн орой цэцэрлэг дээрээ хуралдаж намайг ажлаас халсан. Би цагдаад гомдол гаргаагүй” гэж ярьжээ.
О.Сайхан