Малайзын агаарын тээврийн онгоцны хар хайрцагт хийсэн шинжилгээний дүнг танилцуулна
Гэвч онгоц сүйрсэн газрын ойролцоо үргэлжилж буй дайн тулааны уршигаар шинжилгээний ажил удаашралтай явагдаж байгаа бөгөөд одоо болтол ослын шалтгааныг тайлаагүй хэвээр байна. Энэ ажиллагааг ахалж буй Голландын Нисэх хүчний холбооны дэд дарга "Английн мэргэжлийн байгууллагад шинжилж буй онгоцны хар хайрцагны дүн зэрэг урьдчилсан дүн мэдээг энэ сарын сүүлээр, эсвэл ирэх сарын эхэн үед олон нийтэд тайлагнана” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн шинжилгээний ажлын явц удаашралтай байгааг ослын газрын ойр хавьд үргэлжилж буй Украйны цэргийн арми болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хоорондын дайн ширүүссэнтэй холбон тайлбарлалаа.
Мөн тэрбээр "Шалтгааныг үнэн бодитоор гаргахад маш их мэдээлэл хэрэгтэй байгаа ч, ослын газарт хүрэх дэндүү аюултай болохоор ойртож чадахгүй байна” гэв. Харин нөгөө талаар хохирогчдын цогцоснууд хэд хэдэн хэсэг болон хуваагдсаны улмаас таних ажил удаашралтай явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 127 орчим цогцсыг л хэн болохыг нь тогтоогоод байгаа юм байна. Энэ мэтээр ажил удаашралтай байгаад хохирогчдын ар гэрийнхэн бухимдалтай байгааг эх сурвалжууд тэмдэглэжээ.
Тухайлбал, Роттердамд амьдардаг Фередрикс гэх эмэгтэй онгоцны ослоор хүү, бэр хоёроо алджээ. Гэвч нэг сар өнгөрчихөөд байхад хүү охин хоёрынх нь цогцсыг тодруулаагүйгээр барахгүй эд зүйлсийг нь ч эцэг эхэд нь хүргэж өгөхгүй байгаад гомдолтой байгаа аж. Хүүгийн эцэг Ров Фередрикс "Ясных нь хэлтэрхий ч байсан хамаагүй олж авмаар байна” гэж хоолой зангируулан хэлсэнийг эх сурвалжууд тэмдэглэсэн байна. Фередриксийн гэр бүл "Хоёр хүүхдээ осолдсон газар очиж цэцэг өргөмөөр байгаа ч, даанч болохгүй юм.
Хоёр хүүхдийнхээ араас гашуудаж ч чадахгүй, юу ч хийж чадахгүй дэмий л бухимдаж, шаналж амьдарч байна” хэмээсэн байна. Малайзын иргэний агаарын тээврийн MH17 онгоцны сүйрлээр 298 хүн амиа алдсан билээ. Украины салан тусгаарлагчид ослын газраас хохирогчдын цогцоснуудыг цуглуулж, Голландын талд хүлээлгэн өгсөн. Одоогоор хэн болохыг нь тогтоох ажиллагаа явагдаж байгаа юм. Гэвч Голландын талаас мэдээлсэнээр хохирогчдын бараг талаас илүү хувийг нь одоо болтол таньж чадаагүй байгаа аж. Хохирогчдыг хэн болохыг нь тогтоох ажлыг хийж буй Хорт эмч NHK-д өгсөн мэдээлэлдээ "Гарын хурууны хээ болон шүдний хэвийг шинжилснийхээ дараа ДНК-ийн шинжилгээ хийж баталгаажуулж байгаа ч, цогцоснууд хэд хэдэн хэсэг болон хуваагдсан нь үйл явцыг удаашруулж байна” гэжээ.
Мөн ослын газарт одоо болтол хохирогчдын цогцос байгаа гэж үзэж байгаа ч ойр хавьд нь өрнөж буй дайны улмаас цогцоснуудыг тээвэрлэж чадахгүй байгаа аж. Түүнчлэн ослын газарт 10-20 хүний цогцос үлдсэн гэж үзэж байгаагаа Хорт эмч илэрхийлсэн бөгөөд "Үлдсэн цогцоснуудыг олохгүйгээр бүх зорчигчдын хэн болохыг нь тогтоох боломжгүй” гэсэн байна.
Б.Даваахүү