МАХН-ын удирдлагууд Х.Анхбаярын хэрэгт холбоотой юу

1240

Одоогоос хоёр жилийн өмнө  "Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр гэгчийг АТГ-аас саатуулсан тухай охин нь цахим хуудаснаа Ерөнхийлөгчид хандан захидал бичиж байв. Магадгүй энэ үеэс тэр "олонд танигдсан” байх талтай. Ямартай ч гэнэт л хоригдож байгаа тухай мэдээлэл гарч, тухайн үедээ олон нийт түүний тухайд хоёр хуваагдан талцаж байв. Х.Анхбаяр өөрийн компаниудын нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрөл худалдан авсан байдаг. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр ашиглаж байснаас болж АТГ-аас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн албан тушаалтнуудтай нийлж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж, шүүхээс 3,6 жилийн ял оноосон юм.

Түүнчлэн Х.Анхбаярыг шалгах явцад улсад 3.5 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэдэг нь тогтоогдоод зогсохгүй Газрын тосны газраас зарласан олон улсын тендерт хууль бусаар ялалт байгуулж албан тушаалтнуудад хахууль өгч байсан нь хэрэгт татагдах үндэслэл болсон гэж АТГ-аас мэдээлж байсан. Гэвч Улсын дээд шүүх энэ хэргийг хянаж үзэээд мөн Х.Анхбаярыг Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан гурван жилийн хорих ялыг нь биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хоёр жилийн  тэнсэн харгалзах ял оноож байсан юм.  Мөн Х.Анхбаяраас их хэмжээний хахууль авсан. Зайсанд тансаг зэрэглэлийн байр авснаа дүүгийнхээ нэр дээр ордер авч нууж байсан хэмээн буруутгагдаж байсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга талийгаач Д.Амарсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Ийнхүү ял авснаасаа хойш нам гүм байсан Х.Анхбаяр саяхан "Цензургvй яриа” нэвтрvvлэгт оролцох үеэрээ зарим зүйлийг ярьсан нь анхаарал татлаа. Тэрбээр энэ үеэр " "Н.Энхбаяртай 2009 онд Ерөнхийлөгчийн суудлаас бууж байхад нь танилцаж байсан. Анх УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва танилцуулсан” гээд уулзаж танилцсаны дараа Н.Энхбаяр манай компанийг сонирхож байсан гэсэн юм. Мөн тэрбээр "Н.Энхбаяр Ерөнхийлөгч миний бодож байгаагаас өөр санал манай компанид тавьсан” хэмээн Н.Энхбаяртай холбоотой байсан гэв. Түүнчлэн Н.Энхбаярыг өөртөө нь танилцуулсан Д.Тэрбишдагвад долоон жилийн өмнө 320 мянган ам.доллар зээлүүлсэн ч одоо тал орчимыг нь л буцааж авсан гэсэн юм. Улмаар дээрх хоёр хүнийг өөрийг нь хоригдож байхад "Хэргийн тухайд юм хэлчих болов уу гэж хүлээж байсан уу гэвэл хүлээж байсан. Харамсалтай нь хэлээгvй. Тэрбишдагва гишүүн нэг ярилцлагадаа дурдаад өнгөрсөн. Танина, мэднэ. Тэр боловсролтой залуу байгаа гэж хэлсэн. Тэгээд л өнгөрсөн” хэмээсэн нь магадгүй дээрх хоёр эрхэмд гомдол тээсэн бололтой.

Үүгээр ч зогсохгүй Х.Анхбаяр "Чоно борооноор гэдэг шиг л юм болсон юм шиг надад санагдсан. Нэг нөхөр хоригдоод байдаг. Гэтэл тэдний компаниас юм авъя гээд хvмvvс гадуур яваад байдаг. Тэгэхээр нь "Энэ хvнийг чинь би шоронгоос гаргаж өгнө” гээд мөнгө авчихсан. Сая доллар өгсөн байна лээ. Тэр мөнгө өгсөн хүмүүс нь Хонгконгийн компани юм шиг байгаа юм. Надтай уулзсан” гээд "Та тэр дэд сайдын нэрийг хэлэх үү?” гэх асуултад "За даа, буруу, зөв ярьсан болчих байлгүй. Гэхдээ мөнгө өгсөн гэж байгаа хvмvvс нь хувьсгалт намын хариуцлагатай албан тушаалтан л гэж хэлсэн шүү дээ” гэсэн байна. Улмаар "О.Чулуунбат гуай, тийм үү. Монголбанкны ерөнхийлөгч байсан?” гэх асуултад "Тийм. Тэгж л хэлсэн” хэмээн хариулжээ.

    Х.Анхбаярын хувьд МАН-ыг МАХН байх үед гишүүнээр элсэж байсан нэгэн аж. Түүнийхээр бол  өөрийнх нь хэрэгт одоогийн МАХН-ын нөлөө бүхий нөхөд хамаатай байх нь. Ямартай ч МАХН-ын томоохон албан тушаалтнууд хүнээс мөнгө зээлээд өгөхгүй байгаа, мөн шоронгоос гаргаж өгнө гэж мөнгө авсан талаар олон нийтийн сүлжээгээр бичигдсээр байна. Энэ асуудалд одоогийн байдлаар дээрх нөхдийн хэн нь ч хариулт өгөөгүй байна.

Г.Наран

Эх сурвалж: Info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>