Монгол улс БНСУ-тай гүний усны салбарт хамтрахаар боллоо
Өнөөдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНСУ-ын Ерөнхий сайд ноён Хван Гё Аны айлчлалын хүрээнд БНСУ-ын Усны нөөцийн дарга ноён Чой Ке Үнь болон Гүний ус, газрын гүний дулааны холбооны дарга ноён Ан Гюнь Мүг тэргүүтэй төлөөлөгчдийг БОНХАЖЯ-ны холбогдох албаны хүмүүстэй хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2 тал дээрх асуудлуудын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон бөгөөд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын гүний усны нөөцийг зүй зохистой олборлох, ашиглах болон менежментийг бий болгохын тулд шаардлагатай ажлуудыг хамтран гүйцэтгэх, энэ чиглэлээр идэвхитэй хамтын ажиллагааг бий болгож хөгжүүлэхэд оршиж байгаа бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллах юм байна.
- Гүний усны ажиглалтын систем бий болгох, түүний ашиглалттай холбоотой ажил
- Гүний ус ашиглах байгууламжуудын нэгдсэн хяналтын систем бий болгох, түүний ашиглалттай холбоотой ажил
- Гүний усыг бохирдлоос сэргийлэхийн тулд ашиглагдаж буй тоноглол хэрэгслийг сайжруулах, усыг цэвэршүүлэх ажил
- Харилцан тохиролцсон бусад үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг үзэглэлээ.
Уулзалтын үеэр сайд Н.Батцэрэг хэлэхдээ: Ус бол Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудлын нэг яах аргагүй болоод байгаа. Манай улс усны хязгаарлагдмал нөөцтэй, усны тархац жигд бус. Говь хээрийн бүс нутаг усны хомсдолтой учир бид томоохон голууд дээрээ усан сан байгуулж, хур тунадас, үерийн усыг хуримтлуулж, улмаар говь хээрийн бүс руу шилжүүлэх зорилго тавьж байна. Солонгосчууд усан сан, боомтын байгууламж барьж байгуулах тал дээрээ арвин туршлагатай тул хамтарч ажиллах бүрэн боломж бий. Мөн 2 талдаа ажлын хэсэг байгуулж байхаар 2 талын төлөөллөө багтаасан нэг ажлын хэсэг байгуулвал илүү үр дүнтэй байх болов уу? хэмээсэн юм.
БНСУ-ын Усны нөөцийн дарга ноён Чой Ке Үнь: Бид уулзалт, айлчлалынхаа талаар Засгийн газартаа тайлан, төлөвлөгөө гарган танилцуулах бөгөөд санамж бичигт дурдагдсан ажлууд бодит үр дүнг илтгэх болно гэдэгт илтгэлтэй байна.
БНСУ-ын Гүний ус, газрын гүний дулааны холбооны дарга ноён Ан Гюнь Мүг: Намайг 7 жилийн өмнө ирж байх үеийн Монголчуудын усны хэрэглээ, өнөөдөртэй харьцуулахад маш их өөрчлөгдсөн байна. Мөн нийслэл рүүгээ чиглэсэн хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөний улмаас Улаанбаатар хотын усны хэрэглээг зөв зохистой, оновчтой шийдвэрлэх хэрэгтэй. K-Water компани нь дэлхийн 22 улсад үйл ажиллагаагаа явуулж усны нөөцийг хамгаалах, усан сан, ус хуримтлуулах боомт байгуулах томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн талаараа танилцуулсан юм.
Т.Болормаа