Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах, З.Энхболдыг огцруулах хүртэл асуудлыг хөндөнө

733
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах, З.Энхболдыг огцруулах хүртэл асуудлыг хөндөнө

Улс төрийн намууд Сонгуулийн хуулийг батлахыг шаардан жагслаа

Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардсан улс төрийн 21 намын жагсаал өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урдаас эхэллээ. Жагсагчид уриа лоозонгоо барин Төрийн ордныг гурвантаа тойрч, булхай, луйваргүй сонгуулийн төлөө Сонгуулийн хуулийг батлахыг шаардан хашгирч байлаа. Улс төрийн 21 намын удирдлагууд УИХ-ын дарга З.Энхболдод хоёр дахь шаардлагаа хүргүүлээд байгаа. Сүүлийн шаардлагыг нь энэ сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Хариуг нь ирэх даваа гаригт авах ёстой юм байна. Намууд УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагадаа таван асуудлыг хөндөж байгаа. Тодруулбал,

Нэгдүгээрт,Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад Улс төрийн намуудын зөвшилцөлийг хангах гэснийг хэрэгжүүлэх, Улс төрийн намуудын зөвшилцсөн автоматжуулсан системийг хэрэглэхгүй байх. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд давхар гар тооллого хийж камерийн бичлэгээр баталгаажуулахаар тогтсон тул уг шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэх

Хоёрдугаарт, АНУ-ын "Доминион Войтинг системс" компани "Microsoft" компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг, хар машины програмыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн сонгуулийн ерөнхий хорооны байр суурь нь "Монголын сонгуулийн үр дүн АНУ-ын нэг компанийн мэдэлд байж, ард түмний сонголтыг яаж ч засч, өөрчилж болох юм" гэсэн эргэлзээг төрүүлж байгаа учир тус компаниудаас програмыг хянах сорс кодыг авч улс төрийн намуудад өгч, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх,

Гуравдугаарт, Сонгуулийн автоматжуулсан систем /хар машин/-ны зардалд 16 тэрбум төгрөгийн үрэлгэн зардал гаргаж байгааг таслан зогсоож, харин энэ их мөнгөөр 16 цэцэрлэг барих буюу хотын төвийн 6 дүүрэгт тус бүр 2 цэцэрлэг, хотоос алслагдсан дүүрэг тус бүрт нэг цэцэрлэг, Дархан Эрдэнэт зэрэг хотуудад тус бүр нэг цэцэрлэг барих зэргээр нийгэмд үр ашигтай зарцуулах,

Дөрөвдүгээрт, АН-ын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулж болох тухай хэвлэл мэдээллээр иргэдэд хүргэж эхэлсэн байна. УИХ-ын ээлжит сонгуулийн ээлжит хугацааг хойшлуулах нь Үндсэн хуулийг зөрчих тул хэрхэвч ийм үйлдэл гаргаж болохгүй бөгөөд энэхүү бусармаг санаачилгаа таслан зогсоож, олон нийтэд ээлжит сонгуулийг хугацаанд нь явуулах байр сууриа нэг мөр илэрхийлэх,

Тавдугаарт, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай улс төрийн намуудын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл нь нийгмийн бухимдал болсон сонгуулийн луйвар, эргэлзээг арилгаж байгааг олон нийт дэмжиж "Нааштай найман өөрчлөлт" хэмээн дүгнэж байгаа учир энэхүү хуулийн төслийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлж батлахыг шаардаж байгаа ажээ.

Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах, З.Энхболдыг огцруулах хүртэл асуудлыг хөндөнө

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардсан жагсаалын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Улс төрийн намууд Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардсан хоёр дахь жагсаалаа хийж байна. Энэ удаагийн улс төрийн жагсаалаар эрх баригчдад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Улс төрийн 21 нам Сонгуулийн хуулийн төслийг боловсруулаад гурван сар, УИХ-д өргөн бариад хоёр сарын хугацаа өнгөрч байна. УИХ-аар 80 гаруй хувьтайгаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд ажлын хэсэг хуралдахгүй, цуглахгүй ямар нэгэн үйлдэл хийхгүй байсаар хуулийн хугацаа дуусах гэж байна. Энэ бол зөвхөн эрх баригч АН-ын бүлгийн гаргасан шийдвэрийн дагуу энэ асуудал ингэж гацаж байна. Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн өрөөнд болсон уулзалтад Үндэсний зөвшилцлийн асуудлыг ярьж байна лээ. Дээд шүүхэд бүртгэлтэй 23 намаас 21 нь Сонгуулийн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Энэ бол зөвхөн улс төрийн намуудын биш Монголын ард түмний байр суурь байгаа. Сициометр судалгааны төвөөс хийсэн судалгаанд оролцогчдын 87 хувь нь Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай, хар машинд итгэхгүй байна гэдгээ хэлсэн байна лээ. Тэгэхээр даваа гаригийн морин цаг хүртэл шаардлагынхаа хариуг хүлээнэ. Дээр нь Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт орсон 21 намын Ерөнхий бичгийн дарга нар, хуульчидтай уулзах шаардлага тавьж байна. Хэрэв ингэхгүй бол бид 21 аймагт улс төрийн жагсаал, суултыг улс төрийн намууд албан есоор эхлүүлж үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн хийх болно. Ер нь эрх баригчид аргацааж байгаа долоо хоногийн хугацаа авч хуулийг батлахгүй байхыг хүсч байна.

-Та бүхний шаардлагыг АН-ынхан хүлээж авахгүй бол дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?

-Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж байгаа намууд дотор парламентад суудалтай намууд ч байгаа. Тэгэхээр дараагийн шатанд бүх намууд хамтарч УИХ-ыг тараах, УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах хүртэл асуудлыг хөндөж тавина. Бид хар машиныг байхгүй болгож, технологийн дэвшлээс ухрах гэж байгаа юм биш ээ. Хар машинаараа ч давхар гараараа ч тоолоод хэвлэлийнхэн нээлттэй бичлэг хийж, санал хураалтын явцыг ард түмэнд нээлттэй болгохыг шаардаж байгаа юм. 2016 оны сонгуулиар эргэлзээ, хардалт арилах юм бол цаашдаа гар тооллого болон давхар хяналтын тооллого гэдэг зүйлийг ярихаа болино.Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо дэмжиж байгаа. Тэндээс гараар тоолоход ямар ч асуудал байхгүй. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гарахгүй. Бидэнд тоолоод ирсэн туршлага байгаа. Харамсалтай нь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр "Бид энэ сонгуулийн хуулиар ялсан. Ялалт авчирсан Сонгуулийн хуулиа өөрчлөхгүй" гэдэг асуудлыг ярьсан гэдгийг АН-ын нэр бүхий хоёр УИХ-ын гишүүн хэлсэн. Энэ бол зөвхөн эрх барьж байгаа намын дараагийн сонгуульд ялах гэсэн арга. Улс төрийн намууд буруу шаардлага тавиагүй, эргэлзээ, тээнэгэлзээг арилгая гэж байгаа юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>