Дуулиант газрыг Монгол бизнесмэн эзэмшихээр боллоо

908

Муу нэртэй, луу данстай явж, олон жилийн байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр балгас болоод байсан "Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдаа бидэнд багагүй зүйлийг ойлгууллаа. Юуны өмнө катар гаралтай ч Монгол Улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэдэг эр хүний амьдралын утга учир, гэр бүлийн амар амгалан байдал мөнгө хөрөнгөнөөс эрхэм чухал гэдгийг хэлэх шиг боллоо.

Ийнхүү өргөмжлөх болсон учир нь түүний 24 тэрбум төгрөгөөр худалдаж авах эрхийг нь халаасалсан газрын асуудлыг дагасан элдэв шуугиан, хэрүүл ам түүнд нэгийг хэлж, хоёрыг тунгаахад хүрсэн байх. Монголчуудын олонхийн хүсэл бодлыг хүндэтгэн үзэж дуудлага худалдаанаас татгалзаж байгаагаа хуулийнх нь хугацаанд мэдэгдсэн билээ. Энэ нь нэг талаас түүний газар худалдан авах тэр их хөрөнгө "цэвэр” эсэхийг шалгуулах хардлага сэрдлэгтэй холбоотой байсан байж болох ч "гүйх нохойд гүйхгүй нь саад” болохгүй байх бизнесийн зарчмыг ойлгож мэддэг хүний алсын хараа гэж магтууштай.

Нөгөө талаар газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 7.1 тэрбум төгрөгийн дэнчингийн мөнгө 710 саяыг нь буцааж өгөхгүй журамтай юм байна. Түүний хойноос зарга зальхай хийхгүй, өнөөг хүртэл чимээгүй байгааг бодвол бас ч тэр зэргийн юманд хотойгоод байхааргүй "чөмөгтэй эр” бололтой. Ингэснээр Абдул Карим "Улаанбаатар таймс”-ын газрыг авах хуулийн хугацаа ч өнгөрч, нээлттэй дуудлага худалдааны журам ёсоор дараагийн үнийг санал болгосон "Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханд нийслэлийн Өмчийн харилцааны газраас санал хүргүүлсэн байна.

Тэрбээр 23.850 тэрбум төгрөгийг санал болгосон байдаг. Түүнийг "стратегийн ач холбогдолтой” гэж хэлж болохуйц энэ газрыг худалдаж авах эсэхэд олон хүн эргэлзэж, зарим нь дараагийн дуудлага худалдаанд нэлээд бодлоготой оролцох талаар мэдэгдэж байсан. Гэвч Ц.Баатарсайхан энэхүү газрыг худалдаж авахаа мэдэгдсэн төдийгүй нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээгээ байгуулсан байна. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож цөөн зүйлийг тодрууллаа.

-Та "Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авахаар бүр шийдчихсэн үү?

-Тийм ээ, би тийм л зорилготойгоор дуудлага худалдаанд оролцсон юм шүү дээ.

-Та газрыг худалдаж авахаас татгалзсан бол дараагийн худалдааг зохион байгуулж арай бага үнээр дуудагдах байсан биш үү?

-Тэр тухай бодоогүй юм байна. Ямартай ч холбогдох газартай нь гэрээгээ байгуулчихсан. Одоо хуулийн хугацаанд нь төлбөрөө барагдуулах л асуудал байна.

-Урьдчилсан байдлаар та нэлээд өндөр барилга барьж, нийгэм соёлын зориулалтаар ашиглах бодолтой байгаа юм билээ. Тийм үү?

-Тэгж л бодож төлөвлөж байна. Түүгээрээ ч болох байлгүй дээ гэв. Юутай ч уул уурхай шиг ухаад аваад явчихгүй, хотын төвийн чухал газар гадаадын хүмүүст бус монгол бизнесмэнд очихоор болж байна. Тус газар "Галлерей Улаанбаатар”- ыг барьж байгуулах бөгөөд түүнд Япон, Солонгос бизнесийн төв, өндөр зэрэглэлийн ресторан, дэлхийн брэнд бүтээгдэхүүний худалдааны газар мөн Улаанбаатар хотын музейг шинэчлэн байгуулах юм байна.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: www.unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>