Ес эхэллээ

1107

 

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг. Тэгвэл өнөөдөр нялх гурван ес эхэлж байна. Ес, есөн хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг.

Өвлийн ес эхлүүт мал ахуйгаа адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн бэлчээрт явах нь ихэсдэг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, "нэгэн ес”, "хоёр ес” гэх мэтээр "есөн ес” хүртэл тоолдог байна. Тиймээс ч энэ ес болгоныхоо шинжийг "нэг есд нэрмэл архи хөлдөнө”, "хоёр есд хорз архи хөлдөнө”, "гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө”, "дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө”, "таван есд тавьсан будаа хөлдөхгүй”, "зургаан есд зурайсан зам гарна”, "долоон есд довын толгой борлоно”, "найман есд нял шал болно”, "есөн есд ерийн дулаан болно” гэлцэн хаврын сарыг хүлээн хоног тоолдог уламжлалтай билээ. Өнөөдөр хэдийгээр өвлийн ес эхэлж байгаа ч өдөр уртасч, шөнө богиносох үе давхцан ирж байгаа юм.

Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>