|
Видео

Шинэ мэдээ

Чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Энэхүү өргөөнд хуран цугларсан бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд, нийт иргэдийнхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

Та бүхэндээ үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголд 104 жилийн өмнө болсон түүхэн үйл явдал бол Их Монгол Улсаа байгуулснаас хойш болсон хамгийн гайхамшигтай түүхэн үйл явдал байсан гэж хэлж болно. Их Монгол Улсаа байгуулж, дэлхийн гүрнийг зарлаж явсан монголчуудад уруудаж доройтох цаг байсан. Гэхдээ бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргэж сэргээн олж авсан. Энэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо бид 104 жил эрхэмлэн хамгаалж яваа.

Энэ ойн баяраараа он гарсаар хамгийн сайн барилдаж байгаа 128 шилдэг бөхчүүдээ барилдуулж, улс орон даяар энэ их баяр наадмаа бид тэмдэглэдэг уламжлал тогтоод байна. Энд байгаа бөхийн хорхойтнуудтайгаа шинэ оноо Бөхийн өргөөндөө угтдаг ийм уламжлал тогтож байна. Надтай хамт, бидэнтэй хамт шинэ жилээ угтаж байгаа, энэ баярыг хамтран тэмдэглэж байгаа бөхийн хорхойтнууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний маань хийморь өндөр байх болтугай.

Ирэх жил сайхан жил гарч байна. Монголын төрд олон тэгш ой тохиосон жил гарч байгаа. Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэ ойн 10, 10 жил дээр 1024 бөхөө барилдуулж наадмаа хийдэг. Ирэх жил бөхийн хорхойтнууд, бөхчүүд, бөх сонирхогчдын сайхан наадам болно гэж бодож байна.

Ингээд шинэ жилийг хамтдаа угтаж, хамтдаа монгол ёсоор шинэ жилээ угтан тэмдэглэж, өвөг дээдсийнхээ аугаа үйлсийг, үйл хэргийг үргэлжлүүлэн хамтран баярлаж байгаа иргэддээ баярлалаа.

Нийт иргэд, ард түмэндээ дахин энэ ойн мэндийг дэвшүүлье. Шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.