Бие даагчид нам байгуулахаар төлөвлөж байжээ
УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл өглөө. УИХ дахь бие даагч гишүүдийн хувьд Сонгуулийн нэгдсэн хуультай санал нэгдэхгүй байгаагаа мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Тодруулбал, Сонгуулийн нэгдсэн хуульд дэвшилттэй заалтууд туссан хэдий ч Үндсэн хуулийн зөрчлийг арилгаж чадаагүй гэж үзэж байгаа аж. Учир нь УИХ-ын 76 гишүүний 28-ыг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгох нь 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн алдааг давтсан явдал болсон гэнэ. Энэ нь эргээд хэн ч сонгохооргүй нэр дэвшигчдийг намын жагсаалтад багтаах нэг арга. Нөгөө талаас хуульд нам, эвслийн нэрийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн заалт гэж Ц.Даваасүрэн гишүүн тайлбарлав. Дээрх заалтаар сонгогч нам, эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд хүчингүй болох аж. Тиймээс энэ заалтаар УИХ-ын бие даагч гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон тухайгаа дуулгав.
Түүнчлэн бие даагчдын санал нэгдэхгүй байгаа өөр нэг асуудал нь АН, МАН-аас бусад жижиг намуудыг сонгуульд оролцох боломжгүй болгосон заалтууд гэнэ. Тухайлбал, Сонгуулийн нэгдсэн хуульд зааснаар шинэ нам, эвсэл байгуулж, сонгуульд оролцох боломжгүй болжээ. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу үндсэндээ тавдугаар сар хүртэл нам, эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан. Гэвч шинэ хуулиар энэ нь хумигджээ. Хэрэв энэ боломж хэвээрээ байсан бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар хамтраад шинээр нам байгуульж сонгуульд өрсөлдөхөөр ярилцан, төлөвлөж байсан гэдгээ ч хэлсэн юм. Шинэ хуулиар жижиг нам байгуулах боломжгүй болсон. Үүнээс гадна С.Ганбаатар гишүүн өөрийн сонголтоо хийж ХҮН-д элссэн байна. Тиймээс энэ өдрөөс эхлэн С.Ганбаатар гишүүн УИХ дахь бие даагчдын хэвлэлийн хуралд оролцохгүйг тайлбарласан юм.
Мөн тэд энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар "Гацууртын эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Ноён уул маш их алттай. Зарим газраас нь 900 сорьцын алт олдож байсан түүхтэй. Тиймээс энэ уулыг үеийн үед ухаж байгаагүй. Гэтэл энэ Засгийн газар ямар ч ёс суртахуунгүй гэдэг нь харагдаж байна. Энэ асуудал УИХ-д дөрөв дэх удаагаа орж ирээд, бараг ухах тийшээгээ хандаж байна. Гаднынхан үнэхээр санасандаа хүрч байна. Хамгийн аюултай нь Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарахаар идэвхжинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Гацууртын асуудлаар Ерөнхий сайдын байр суурийг сонирхож, хариуцлагыг нь та үүрч чадах уу гэж асуухад өөрөөсөө холдуулж тайлбар хийгээд аюулгүй гэдэг баталгааг өгч чадахгүй байгаа. Гацууртын ордыг ашиглахад 10 жилийн дотор 200 сая ам.долларын ашиг олохоор байгаа. Үүнийхээ оронд Тавантолгойгоо үр ашигтай ажиллуулахад анхаарах ёстой” гэв.
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин