Х.Тэргэл: Гуйлга

1358
Х.Тэргэл: Гуйлга

(Цэлмэг залуу насны минь бичиж байсан шүлэг, "Болор цом" үздэг байсан хүмүүс санах байхаа тухайн үеийнхэн)

Үеийн найз минь ээ чи намайг
Үгээр хатгаж зүрхийг минь бүү шавхуурд
Үйл үйлээн дагасан амьдралын харгуй дундуур
Үзэх л ёстойгоо үзээд би бэдэрч явна

Харгуй замын дунд очоод
Чамайг би хүлээе
Хамтдаа тэгээд цаашилж
Хүслийн үлгэр шивнэж алхая

Эмгэн сарны тоосыг алгандаа тосон авчихаад
Энхэр багахан чамдаа гоёлын ороолт нэхэж өгье

Төөрөг заяагаар учирсан
Анд нөхөр минь дээ
Төө алдхан биеийг минь
Хайраар бүү дутаа
Энгэсэг ооноос биеэн арилжих бүсгүй гэж бүү сана

Элгэмсэн даслаачиг чамд дурлах минь хэмжээтэй шүү

Хэзээ нэгэн цагт элсэн дээр мөрөө үлдээгээд намайг одоход
Хэдхэн шоргоолж мөрийг минь баллаад л үүрээ засчихна

Хэлхэж явсан шүлэг минь л тэр цагт үлдээд
Хэнз бяцхан бие минь өв хорхойн идэш болно

Анд нөхөр минь дээ би чамаас
Алт мөнгө гуйсангүй ээ
Арилжиж болдоггүй сэтгэлийн чинь гүндэх үгийг гуйнам
Энэ орчлон хоосон гэдэг нь үнэн л юм бол
Эсэргэн хаврын салхи шиг сэтгэлийн үгээ хайрлаач дээ

Хулганайн Тэргэл

1989-1990 ээд он Улаанбаатар хот


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>