|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Өмнөд хөршийн үйлдвэржилтийн нууц юу вэ?


Монголын сэтгүүлчид өнгөрсөн өдрүүдэд Хятадын уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, соёл, мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй танилцсан тухай өмнөх дугаарт мэдээлсэн. Энэ удаа үргэлжлүүлэн уул уурхайн салбарыг төлөөлөх томоохон групп болон далайн бүсийн нээлттэй хотуудын талаар хүргэж байна.

"Шэньхуа” групп одоогоор 1760 км төмөр зам ашигладаг байна. Жилд 400 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Төмөр замаар нүүрс ачиж, буулгаж, тээвэрлэж байгаа бүх үйл явцыг Бээжингээс мөн хянадаг. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэхийн зэрэгцээ усан тээвэр хийнэ. Гурван усан боомттой. Нүүрсний тээвэрлэлтээ бүрэн шийдсэн гэж хэлж болох аж. "Шэньхуа” группын удирдлагууд нүүрсийг боломжит бүх хувилбараар ашиглаж байгаа талаар мэргэжилтнүүд нь бидэнд тайлбарлалаа. Тэд жилд 70 мянган мегаватт цахилгаан гаргадаг байна. Нүүрснээс гаргаж байгаа цахилгааны хэмжээ 500 мянган мегаватт. Мөн усан цахилгаан станц болон цахилгаанаас гар­гасан цахилгаан станц ажиллуулдаг бай­на. Дотоодын нүүрс­ний хэрэгцээгээ хангахаас гадна Япон,Солонгос зэрэг улсад экспортолдог гэнэ. Тус группын хамгийн гол хэсэг нь нүүрсийг шууд шингэрүүлэх үйлдвэр юм байна. Гол бүтээгдэхүүн нь дизель түлш боловсруулах. Энэ төслийг хэрэгжүүлснээр сая тонноос дээш нүүр­сийг шингэрүүлж байгаа дэлхийн цорын ганц үйлдвэр болсон байна. Орчин үеийн шийдлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэх тус групп хэрхэн байгальд ээлтэй ажилладаг, Монгол улстай ямар харилцаатай байгаа талаар сэтгүүлчид илүү сонирхож байлаа. Харин тэд хэд хэдэн сонирхолтой мэдээлэл өгсөн юм. Агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс гарч байгаа нүүрс төрөгчийн хийг багасгах судалгааг хийх судалгааны хүрээлэнг 2005 онд байгуулсан байна. Гол нь гарч буй нүүрс төрөгчийн хийг дахин боловсруулж ашиглах судалгааг хийдэг. Хамтын ажиллагааны хувьд "Шэньхуа” групп манайхтай тодорхой төслүүд дээр хамтарч байгаа. Тодруулбал, нүүрс олборлолт, төмөр замын тээвэрлэлт. Энэ ажлыг эхлүүлэх гэж удаан хугацаанд хөөцөлджээ. Одоогийн байдлаар хоёр талын Засгийн газраас зөвшөөрөл авч, хамтарсан компани байгуулаад явж байгаа гэнэ. Ганц модны боомтоос Гашуун Сухайтын боомтын төмөр замыг барих ажлын зураг төслийн шат эхэлсэн байна. Си Зиньпин даргын айлчлалаар тодорхой хүрээнд гэрээ хэлэлцээр хийж чадвал ажил улам урагштай байх болно гэдгийг группын удирдлагууд хэлээд амжив. Сэтгүүлчдийн сонирхож байсан өөр нэг сэдэв нь Монгол Улсаас нүүрс авч, эргүүлээд эрчим хүч нийлүүлэх боломж бий эсэх талаар байв. Одоогоор Өвөр Монголын нутгийн баруун хэсэгт эрчим хүчний илүүдэлтэй байгаа юм байна. Тиймээс энэ төрлийн зохицуулалт хийх боломжтой.  Хамгийн гол нь хоёр улсын Засгийн газар харилцан зөв шийдэлд хүрэх нь чухал гэв. Төмөр замын төслийн тухайд "Шэньхуа” групп ач холбогдолтойг нь онцлов. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай байгаа энэ үед нүүрсийг авто замаар тээвэрлэх нь төмөр замаар тээвэрлэснээс хоёр дахин үнэтэй тусдаг байна. Энэ нөхцөлд төмөр замыг эртхэн ашиглалтад оруулбал үр ашгаа төдий хэрээр хурдан өгөх боломжтой гэнэ. "Шэньхуа” групп­тэй адил энэ чиглэлийн олон компани манайтай хамтарсан төсөл хэрэг­жүүлж байгаа. Гэвч хоёр талын Засгийн газ­рын харилцан тохи­ролцооноос шалтгаалан гацаанд орсон нь ч цөөнгүй бий. Тиймээс энэ айлчлалаас олон талын үр дүн гарна хэ­мээн төр болон хувийн компаниуд хүлээлт ихтэй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.