АН-ын эмэгтэйчүүдийн чуулганы сэтгэгдэл...
Өнөөдөр 2015 оны 1 сарын 18, Санчир гараг, Гоё хүүхэн одтой, Билгийн тооллын 9 өдөр.
Энэ өдөр Төрийн ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн 4-р дээд чуулган болж байна.
Чуулганаар АЭХолбооны тэргүүнийг сонгох нь чуулганы гол агуулга мөн боловч эгэл жирийн намын гишүүн миний хувьд намынхаа бодлого шийдвэр, алсын хараа, алдаа оноогоо дүгнэн ярьж цаг зав, сэтгэл зүрхээ харамгүй зориулж өнөөдрийн ардчилсан намын ялалтанд голлох үүргийг авч ирж чадсан бүсгүйчүүдийнхээ санаа бодлыг сонсож, хэтийн төлөвлөгөөгөө хамтран ярилцах нь чуулганы ач холбогдол юм.
Яг энэ агшинд АН -ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Л.Эрхэмбаяр хэлсэн үгэндээ " АН бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй нам юм. Манай намын ялалтанд голлох үүргийг гүйцэтгэсэн нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай эрхэмсэг бүсгүйчүүд та нартаа сайн сайхныг хүсье. Та нартаа "Баярлалаа" хэмээн мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баярласан талархалаа илэрхийлье. Хайртай шүү, та нартаа " хэмээн онцлон сайшаасан нь хурлын төлөөлөгчдийн сэтгэлийг хөдөлгөж зал дүүрэн алга ташилт нижигнэж чуулганы уур амьсгалыг эерэг сэтгэлгээгээр өөрчилж чадлаа.
Тийм ээ, төлөөлөгчид бүсгүйчүүд бидэнд намын зөв шийдвэр, бодлогоос гадна урам зориг, итгэл найдвар хамгаас чухал. Бүсгүйчүүд үүнээс өөр албан тушаал, алдар нэр, эд хөрөнгө намаасаа хүсээгүй ээ.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны эрхэм дээд зорилго нь баялгийг бүтээгч чинээлэг иргэд бүхий ардчилалд тулгуурласан хариуцлагатай нээлттэй төртэй иргэний нийгмийг хөгжүүлэхийн төлөө Ардчилсан Намын бодлогыг дэмжиж шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгох явдал юм.
Шинээр сонгогдох тэргүүн маань намынхаа бодлого шийдвэрийг өндөрт өргөж, ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, шат шатны эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж тэднийхээ амьдрал ахуйг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж чадах хор найруулдаггүй, хов ярьдаггүй, сайн улс төрч эмэгтэйгээс гадна сайн эмэгтэй, сайн ээж, сайн удирдагч байх болтугай.
Би Ардчилсан намын гишүүн. Тиймийн ч тулд намаа эв нэгдэлтэй, тогтвортой байгаасай гэж хамгаас хүсдэг.
Заримдаа Алунгоо эхийн домгийг гишүүдэд сануулмаар, нэгдүгээр ангийн цагаан толгойн номон дээр гардаг "Баавгай ба муу нөхөр" өгүүллэгийг уншуулмаар ч санагддагаа нуух юун. Томчууд мэдээж мөхөс намайг тоож юунд сонсоо аж. . .
Одоо цаг 10:56 минут. Төрийн ордон. Р.Бурмаа гишүүн илтгэл тавихаар гарч ирлээ.
Давхар дээлээ тайлъя, дан дээлтэй байя хэмээн Ерөнхийлөгчийн үгийг дэмжиж зоригтой дуугарч эхлэхэд бахархах сэтгэл төрж билээ, тэр үед
Нөгөө дэмжиж байсан гишүүн маань тогтвортой ажиллаж байсан Засгийн газрыг санаачлан унагачихаад маргааш нь өөрөө давхар дээл өмсөн сайд болоход ёстой ой гутаж билээ.
Тэр үеийн бодол дахин сэртхийж хамаг үс босчих шиг л боллоо, чөтгөр гэж. . .
Яагаад ч юм Засаг унагачихаад бүсгүйчүүдээсээ уучлалт гуйгаасай, эсвэл учрыг нь тайлбараасай хэмээн заланд эмэгтэйчүүд жиг жуг гэлцэж байсан ч Бурмаа гишүүн тэгэсэнгүй, харин ч би ийм ажлуудыг хийсэн хэмээн ам бардам ярьж зогсох нь олны дургүйцлийг улам төрүүлж байсан нь тодорхой харагдлаа.
Засгийн газар ийнхүү унасан нь намын ялалтыг навс унагаж , ард иргэдийн итгэлийг дэвсэлсэн хамгийн увайгүй, тэнэг, болчимгүй үйлдлийн нэг байгаад зогсохгүй ирэх сонгуульд чичлүүлэх зүйлийн нэг байсаар байх болно.
Дахин ийм бусармаг үйлдэл бүү гараасай.
Цэцэг шиг харагдсан бүсгүйчүүдээ хараад тайвширлаа.
Чуулганы ажилд амжилт хүсье.
Эрх чөлөөтэй, эрдэмтэй боловсролтой, аюулгүй монгол улсын иргэн бүгдээрээ хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье. Засгийн газар тогтвортой байг ээ.
АН-н ҮЗХ гишүүн С. Пүрэвсүрэн