ГИЖИГ /богино үгүүллэг/
Мухар "огт гижиггүй хүн үзсэн үү?" хэмээн лухгар бүдүүн хүзүүгээ нужигнуулан, том толгойгоо эв хавгүй сэжлэн байж Сэрэлтээс асуув. "Үгүй" гэсэнд бүдүүнээс бүдүүн хуруутай бахим гараараа толгойг нь илснээ" Хүүхэд байна даа. Хүсэлтгүй хожим үзнэ" гэж ахархаад цахилгааны төмөр хайрцаганд хэд хоногийн өмнө нуусан тамхиа гаргаж ирээд орцоор дүүрэн утаа май тавив. Сэрэлт одоо Мухарыг хаана юу хийж явдгийг мэдэхгүй. Сүүлд "Холливуд" нэртэй бааранд таарч билээ. Нэг бүдүүн халзан эрийг зааснаа" энэ ахынх нь босс. Би амийг нь сахидаг юм" гэж хэлээд түүнд 100 грамм авч өгснийг нь одоо ч санадаг.
Харин яг тэр орой Сэрэлт түүнтэйгээ танилцсан юм. Ширээний өнцөг эзэлж суучихаад" зүгээр л хийчих" гээд архийг ус шиг залгилав. Эмэгтэй хүн архи ингэж даадгийг анх удаа үзсэн Сэрэлтийн амьдралын сэлүүргүй өдрүүд тэгэхэд л эхэлжээ. Хайр сэтгэл түүнд аз жаргал, сэтгэл догдолуулсан өдрүүдийг бэлэглэв. Нэрийг нь Зуузай гэдэг байв. Их л сонин нэр.
Түүнээс хойш өнөөдөр яг 324 өдөр буюу 7776 цаг өнгөрчээ. Хунгар цасанд өнхрөн унацгаав. Сэрэлт хайртай бүсгүйгээ сугаар нь тэврэн авч гижигдэв. Улаа бутарсан царайд нь инээд үзэгдсэнгүй. Гайхсандаа дахин дахин гижигдэв. Биеэрээ эргэн өөдөөс хараад уруулаа шөмбийлгөн" хайртай юу" гэж асуухад нь ээрч мууран байж "хайртай" гэж хариу хэллээ. Толгойд нь Мухарын үг харван орж ирэв. Үнэхээр гижиггүй хүн байдаг юм байна. Ямар хүн гижиггүй байдаг бол" хэмээн өөрөө өөрөөсөө асуув.
Зуузайгаа гэрийнх нь үүдэнд буулгачихаад Сэрэлт гар утсаараа Мухарыг хаана байгааг мэдэж болох танил бүхэн рүүгээ залгав. Нэг найзтай нь хоёр хоногийн өмнө өнөөх "Холливуд" бааранд таарсан ажээ.
Үсчсэн гэрэл дунд хүмүүсийн царай нэг тодорч дахин бүдгэрнэ. Эгнээ хэдэн баганы голд суусан бүдүүн халзан эрийн дэргэд Мухар номхон зогсож байна. Түүнийг харангуутаа хүрээд ирэв. Сэрэлт ч хөгжмийн чимээг даван хамаг тэнхээгээрээ " Сайн уу, Мухар, аа. Чи мэднэ дээ. Ямар хүн гижиггүй байдаг юм бэ?" гэсэнд үүд рүү заалаа. Тэр хоёр зэрэгцэж зогсоод тамхилав. Духныхаа хөлсийг шударснаа" За дүү минь гижиггүй хүнтэй таараа юу?" гэхэд Сэрэлт толгой дохив. "Тийм үү" гэснээ тамхиа хогийн сав руу хандуулан нясалж орхиод "Ах нь энэ боссынхоо бие хамгаалагч биш. Амийг нь сахидаг юм.
-Наадах чинь юу гэсэн үг вэ?
-Шуламнуудаас...
-Хэнээс гэнэ, ээ.
-Шуламнуудаас. Дүү минь тэр хүүхнээсээ даруй зугт. Гижиггүй хүн гэж
байдаггүй юм. Зөвхөн шуламнууд л гижиггүй.
Сэрэлтийн чих шуугиад явчих шиг болов. 7777 цаг болж байлаа.