Г.Уянга гишүүний уярал хэрээс хэтэрч улстөрчдийн гэр бүлд хандаж эхлэв
УИХ-ын
гишүүн Г.Уянга энэ долоо хоногт улстөрд ёстой л гайхуулж, гийгүүлж, од
болон гялалзаж байх шиг ээ. Зургаан сар шахам дуншсан Ерөнхий сайдыг
огцруулах тухай тогтоолын төслөө өргөн барьж, хэд хэдэн хүний аавд ил
захидал илгээн олны анхаарлыг татлаа. Ёстой л юун АН-ын Ардчилсан
эмэгтэйчүүдийн холбоо, ҮЗХ-ны хурал. Гэхдээ "Юманд учир суманд гичир”
гэгчээр хаа таарсан асуудлыг өлгөж, өөрийн нэр нүүрийг олон нийтэд
таалуулахыг чармайхаар зүтгэж буй нь хэрээс хэтэрсэн үзэгдэл хийгээд
үйлдэл гэлтэй. Мэдээж тэрбээр Ерөнхий сайдыг Оюутолгойн далд уурхайн
бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөнд Дубайд гарын үсэг зурж, тухайн
ордыг хууль бусаар Рио Тинтод өгсөн гэх шалтгаанаар огцруулахаар УИХ-ын
гишүүдийг уриалан, гарын үсэг зуруулж, спикерт өгчихөөд байгаа. Өөрөө
бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдож байхад нь "хэрэв
Оюутолгойн гэрээг улам буруу тал руу нь явуулвал огцруулах төсөл өргөн
барина” гэдгээ илэрхийлсэн гэж байгаа. Гэвч энэхүү үйлдэл хэтэрхий ил
цагаан гэж хэлж болохоор шантааж болж хувирч байна.
Тодруулбал, тогтоолын төслийг өргөн барьсны маргааш буюу өчигдөр АН-ын ҮЗХ-ны хурал болж байгаа нь Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцох эсэхийг намынхан нь шийдэх, бүр цаад утгаар нь харвал УИХ-ын даргын алдар хүнд, зам мөрийг засах шулуухан зам болохоор байгаа юм. Мэдээж түүний санаачилсан тогтоолын төсөлд МАН-ынхан гарын үсэг зурахгүй хэдэн сар гүрийсний эцэст зурж байгаа нь шууд Ерөнхий сайдыг огцруулах бус шантаажны хэлбэрт шилжсэн төсөл болохыг нь харуулж буй хэрэг.
Үүний цаана маш том буюу Монгол Улсын эрх ашиг, нэр хүнд олон улсад навс унах том агуулга явсаар байгааг тэр бүр тооцоолоогүй байна гэж баймааргүйсэн. Учир нь энэ удаа олон улсын зах зээлээс босгохоор хөөцөлдөж буй "Мазаалай” бонд нь манайдаа өндөр буюу 8-10 орчим хувийн хүүтэй.
Хэрвээ энэхүү бондыг авах, өгөх асуудлыг хэлэлцэж байх үеэр Монгол Улсын Засгийн газар нь тогтворгүй байх аваас цаад нөхөд болгоомжилж хүүгээ өсгөхөөс аргагүйд хүрнэ гэдгийг учир мэдэх хүмүүс байтугай Г.Уянга гишүүнтэй мөр зэрэгцэн суугаа парламентын гишүүд ч хэлж байна лээ. Тэр ч утгаараа Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүдэд Засгийн газрын төлөөлөл зээлийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байсан ажил хойшилчихлоо.
Г.Уянга гишүүн тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг л огцруулж байвал цаад асуудлыг бол огт тоохгүй байна уу гэлтэй.
Тэгсэн өчигдөр гэнэтхэн мань гишүүн дахиад л Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан, генерал, өдгөө "Сентерра голд” компанийн төлөөлөл Д.Сандаг нарын аавуудад зориулан ил захиадал бичиж, түүнийгээ олон нийтийн цахим сүлжээгээр тарааж байна. Г.Уянга гишүүнийг Гацууртын ордыг ашиглахын эсрэг байр сууриндаа бат зогсож буйг хүн бүр мэднэ.
Гэтэл заавал ийнхүү олон нийтэд тэдгээр нөхрийн эцэг, эхэд зориулан
ийн түүх өгүүлсэн захидал илгээж байгаа нь түүнийг дараагийн шоу гэхээс
өөр сэтгэгдлийг үлдээсэнгүй.
Эргээд харахад энд Монгол Улсын
эдийн засаг элгээрээ хэвтчихээд, энд тэндээс бонд босгох, эсвэл
дотоодоосоо боломжит хувилбараар хөрөнгөө хөдөлгөх бүхий л хувилбарыг
сонгож байгаа. Ийм атал төрийн дээд, хууль батлах танхимд заларчихаад
зөвхөн өөрийн Пи-Ар-ын төлөө өдөр бүр шинэ "санаачилга” гаргаж буй нь
өнөөгийн нийгэм дэх ядарсан монголчуудынхаа сэтгэхүйгээр хэт тоглоод
байгаа юм биш үү гэхээс өөрийг хэлэх боломж алга.
Уг нь Г.Уянга гишүүний хувьд "үр хүүхдийн биеийг төрүүлэхээс ухааныг төрүүлдэггүй” гэдэг үгийг маш сайн мэддэг байлтай. Тийм атал заавал тэдгээр хүний аав хаягласан захиадал илгээж буй нь ердөө л шоу байлаа.
Захидалд нь дурдагдаад байгаа Д.Сандаг генералыг эс тооцвол Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг ард түмэн сонгосон гэдгийг мань гишүүн бүр ч сайн мэднэ.
Тиймээс өнөө, маргаашаа бодон өөрийнхөө нэр хүндийг л өндөрт өргөхийн
оронд олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд хэрхэхийг давхар
бодолцох хэрэгтэйсэн гэдгийг Г.Уянга гишүүн санаасай.
Улс төрд л
хөл тавьсан бол бүхнийг өөрийн хүссэнээр хийхээр улайрч бас болохгүй л
баймаар юм. Ядаж л өөрийн Пи-Ар-т бусдын гэр бүлийг хүртэл татан
оролцуулж буй нь ёс зүйтэй хүний үйлдэл мөн гэж үү. Зөвхөн хувийн эрх
ашгаа бодож байгаа хүн улсын эрх ашгийг бодож байна гэхэд хэн итгэх болж
байна вэ.
