Э.Алдар: Өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа л гэр бүл зохионо доо

1112

"Маскпродакшны жүжигчин Э.Алдартай ярилцлаа.

-Сургуулиа хаана төгсч байв. Багадаа Орост байсан гэдэг байх аа?

-Би зургаан настайдаа Орос яваад 17 настайдаа ирж 108 дугаар сургууль буюу Монгени сургуулийг 2003 онд төгсч байлаа. Сургуулийн маань найзууд намайг анх монголоор их сонин ярьдаг байсан гэдэг юм. Монгол хүн л юм чинь одоо зүгээр л ярьдаг болчихож. Сургуулиа төгсөөд СУИС-д орж 2007 онд төгссөн. Манай ангийнхан одоо "Эмоци продакшн”-ы С.Тэмүүжин, Г.Эзэнмөнх, жүжигчин А.Туяа, Д.Ганцэцэг, Г.Анхбаяр, Б.Алтансүх гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус бий.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгов?

-Би багаасаа Орост байсан. Бага байхад Монголоос приставкны видео бичлэг ирдэг байсан. Тэрэн дээр хошин урлагийн тоглолт гардаг байлаа. Тухайн үед "Хошин урлагийн театр” гэж байхад гарсан "Хадлан” жүжгийг анх үзээд ямар гоё юм бэ, Монголд очоод энэ ах, эгч нартай хамт тоглож үзэх юмсан гэж бодсон. Хүүхдийн сэтгэхүйгээр очоод та нартай хамт тоглож болох уу гэж асууна даа гэж боддог байлаа. Гэхдээ би Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломат болно гэж боддог байлаа. Заавал Орос руу буцаж очно гэдэг байсан ч одоо жүжигчин болчихсон явна.

Арван жилд байхад манай сургуулийн урлагийн үзлэг боллоо. Тэр үед "Tv cocktail”-ын Цоомоо ах ирж биднийг бэлдүүлж байсан юм. Цоомоо ах намайг гол дүрд тавьчихсан. Бэлтгэлээ хийж байгаад яг тоглолт дээр Цоомоо ах хөгжим тавих гэсэн техникийн саатал гарчихлаа. Би тайзан дээр яана аа гэж бодож байснаа хүмүүсийг уйдаахгүй байхсан гэж бодоод янз бүрийн юм ярьж байгаад за одоо хөгжмөө тавь гэсэн Цоомоо ах тавьж таарсан. Тэгээд тоглолт үргэлжлээд манай анги нэгдүгээр байрт орсон түүхтэй. Цоомоо ах "Алдараа, миний дүү жүжигчин бол. Чамд авьяас байдаг юм байна” гэж байсан. Тухайн үед нээрээ би жүжигчин болъё гэж бодоод л энэ мэргэжлээ сонгож байлаа.

-Ажлын гараа хэзээнээс эхэлж байв. "Boom town” хамтлаг байгуулж байсанбайх аа?

-Оюутан байхдаа "Boom town” гэж бүжгийн хамтлаг байгуулсан. Тухайн үедээ л бүх хошин урлагийн продакшны ард бүжиглэнэ. "Өнгөт инээд”, "Х түц”, "Захиалгат инээд” продакшны ах, эгч нарыг хажуунаас нь харж, өөрсдөө тушлагажиж байсан. Дөрөвдүгээр курст орох жил "Маск” продакшны анхны "Монголын нууц товчоо” тоглолтод оролцож байлаа. Жүжигчний дипломоо авсны дараа "Х түц” продакшнд нэг жил ажиллаж байсан. Тэгээд буцаад "Маск” продакшндаа ороод өдийг хүртэл ажиллаж байна.

-Одоо бас "Fantastic” продакшнд харьяалагдаад байна уу?

-"Fantastic” продакшнд бас харьяалагдана. "Brotherhoods” нэгдэл гээд найз нөхдөөрөө нийлж нэг продакшны нэр дор уран бүтээл хийж байгаа. Албан ёсоор нэртэй байх ёстой учраас ингээд явж байна.

-Энэ продакшны залуус нэгдээд хэд хэдэн кино гаргачихлаа. Зохиолоо яажбичдэг юм бэ?

-Ямар сэдвээр ямар кино хийх вэ гэдгээ бөөнөөрөө сууж байгаад ярилцдаг. Бүгд жүжигчин мэргэжилтэй хүмүүс учир олон санаа гарна. Дараа нь зохиолоо бичих үед найруулагч бүх хүний хэлсэн санааг тэмдэглээд нүдэндээ харж байгаагаар бичдэг. Гэхдээ олон арга бий л дээ. Сүүлд гарсан "Том толгойтын романс” киног францын зохиолчийн зохиолоос сэдэвлэж хийсэн. Гадаад киноноос хуулсан гээд байдаг. Олон улсад энэ киноны сэдвээр олон кино хийсэн байдаг. Хятад, Герман, Америкт ч бас бий. "Том толгойтын романс” бол түүний зохиолыг уншиж сэдэвлээд Монголын хөрсөн дээр буулгаж хийсэн кино. Хүмүүст их таалагдсан байна лээ.

-"Миний ах атаманкино бас их сонин шийдэлтэй. Мафи гэж хүмүүсмэддэггүй байхад гаргаж ирсэн санагддаг?

-Бид залуучууд учраас юм бүхнийг шинээр сэтгэж хийхийг зорьдог. Байдаг л нэг зүйл хийх нь сонирхолгүй. Бид хэцүү зохиол бичээд хийвэл өөрсдөө хөгжинө гэж боддог. Энэ утгаараа аль болох хэцүү юм руу тэмүүлдэг. "Миний ах атаман” Монголд хэзээ ч байдаггүй мафийг хөрсөндөө яаж авцалдуулах вэ гэж бодож байгаад хийсэн кино. Үзэгчдэд хүрэхгүй байх вий гэсэн эмээлт байсан. Үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш хүмүүс сайхан хүлээж авсан. Түүнээс нь урам их авсан даа.

-"Маш нууцкиноны хувьд болсон явдлаас сэдэвлэсэн гэдэг?

-Манай О.Бат-Өлзий ах зохиол гаргасан. Зураг авалтыг өнгөрсөн зун хийсэн ч жилийн өмнөөс "Маш нууц” киноны постер гарч байлаа. О.Бат-Өлзий ах биднийг дуудаад дүр хуваарилж өгөөд дүрээ бодож байгаарай. Цэргүүд ямар байдгийг ажиглаж бай. Ах нь удахгүй кино хийнэ гэж зохиолоо танилцуулж байлаа. Жилийн хугацаанд ярилцаж байгаад өнгөрсөн зун уран бүтээл болгож гаргасан. Түүхэн сайхан сэдэвтэй кино. Гэхдээ энд тэндээс болсон явдал сонсч, түүх уншаад нэгтгэж тэр болгоныг кинондоо шигтгэсэн. Тэр кинон дээр гарсан бүх үйл явдал цэргүүдэд болсон юм шиг хүмүүс бодоод байдаг. Энэ бол уран сайхны хэлбэрээр бүтээгдсэн уран сайхны кино шүү гэж хэлмээр байна.

-Танай продакшн эмэгтэй жүжигчин авахгүй юм уу. Драмын театрынБ.Одончимэг л орж байгаа харагддаг?

-Манайхан заавал продакшн гэхээр ийм жүжигчин хүн авна гэдэггүй. Бүгд тус тусынхаа ажлыг хийдэг. Б.Одончимэг маань УДЭТ-д ажиллаж байна. Сарын өмнө төлөвлөгөө гаргаж ийм кино хийнэ гээд цаг заваа тохироод хийдэг. Нэг хүн шинээр аваад л чи манай продакшны жүжигчин, өөр юманд тоглож болохгүй гэх зүйл байхгүй.

-Таны анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-Оюутан байхдаа О.Бат-Өлзий ахын "Хайрыг хайрла” кинонд Б.Тамир бид хоёр орж байсан. Тамир гол дүр, би туслах дүрд тоглосон. "Boom town” хамтлаг маань дууг нь дуулсан байдаг. Анхны уран бүтээлд ороход гоё байсан ч айдас хүрч байсан. Алдаа оноо ч их байлаа. Жүжигчин болгон өөрийгөө хараад энэ хэсэгт ингэдэг байж гээд алдаагаа хараад сурч явдаг. Одоо ч гэсэн би жүжигчний мэргэжлийг сайн эзэмшээгүй л байна. Жүжигчин хүн олон жил суралцаж хүний физологийг мэдэрч байж мэргэжлээ эзэмшинэ. Монгол Улсын ардын жүжигчин Ц.Гантөмөр багш маань "Би одоо болтол жүжигчин мэргэжлийг сураагүй л явж байна. Ямар ч дүр авсан би хичээдэг” гэж хэлж байлаа. Тэр нь яг үнэн юм билээ. Жүжигчин хүн ямар ч зүйлд алдаа гаргаж болно. Тэрнээсээ суралцаж, хүний амьдралыг судалж, хүний бодлыг ойлгож сайн жүжигчин болох байх.

-Голдуу ямар дүрд тоглоод байна вэ?

-Ихэнхдээ хоёрдугаар гол дүр дээр ажилласан байна. Удахгүй гол дүрд тоглох байлгүй. Гэхдээ гол дүрд тоглохыг боддоггүй юм. Гол дүрд тоглохоор хийх юмгүй санагддаг. Туслах гол дүрд хийх юм их. Гол дүрээ тодотгож өгнө. Олон хүнтэй харьцдаг. Маш олон хувиралт, олон ухаан гарах ёстой. Гол дүр гэхээр чи ийм залуу байх ёстой гээд гол шугамыг нь гаргачихсан байдаг. Гэхдээ гол дүр авбал яаж хийж байгаад хийнэ л дээ.

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Оюутан байхдаа их олон дүрд тоглохыг хүсдэг байлаа. Одоо нэг баатрын дүрд тоглочихмоор л байна. Ер нь ямар ч дүрийг амилуулахыг л хүсдэг. Урьд нь байсан дүрээсээ өөр байхыг хичээдэг. Дотоод ертөнцөөрөө өөр байхыг хичээдэг. Алдар гэдэг хүн "Маш нууц”, "Миний ах атаман”, "Аз жаргалын шок” кинонд тоглосон дүрээсээ эрс өөр хүн. Дүр бүрийнхээ харцыг би өөрчлөхийг хүсдэг.

-Ингэхэд "Boom town” хамтлаг тарчихсан уу?

-"Boom town” хамтлаг оюутан цагийн залуу насны эрч хүчтэй, өөрсдийгөө таниулах, сорих үе байсан. Жүжигчин болохын тулд юм юмыг хийх ёстой байдаг. Тэр утгаараа бидэнд их туршлага болсон. Хүмүүс манай хамтлагийг тарчихсан, хоорондоо хэрэлдчихсэн байна лээ гэж ойлгоод байгаа. Тийм юм байхгүй. Үнэндээ "Boom town” хамтлаг таръя гээгүй л байна. Бүгд өөр өөрсдийнхөө хүссэн ажлыг л хийгээд явж байгаа. Хаяахан уулзаж ярилцаж сууна. Гэнэт л "Boom town” хамтлаг тоглолтоо хийчих ч юм бил үү.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй байдаг вэ. Хүмүүсийн асуултад хариулдагуу?

-Фэйсбүүкт зураг хийхэд асуулт асуух нь элбэг. Асуултад хариулт өгдөг ч тэр бүр цаг зав бас таарахгүй юм. Харин твиттерт идэвхтэй биш. Цахим ертөнцөд ороход дүүрэн улс төр, нэгнийгээ муулсан постууд байх юм. Заримдаа фэйсбүүк рүү орохоосоо хүртэл эмээх боллоо. Вирус гээд л янз бүрийн зураг явна. Тэнд магадгүй бидний дүү нар орж байгаа. Хааяа фэйсбүүкийн насыг хязгаарлавал зүгээр юм уу гэж боддог. Ерөөсөө эерэг энергитэй юм байхаа больчихсон. Аз жаргалтай гоё мэдээлэл байхаа больчихжээ. Энд ийм гоё юм болж байна гэсэн гэгээлэг мэдээлэл, онигоог уншиж байж бид нийгмийн стрессээсээ сална гэж боддог. Одоо бараг фэйсбүүктээ орохоор стресстдэг болж байна. Тэр 16 настай хүүхдэд улс төр ямар хамаатай юм бэ. Өөрийгөө хөгжүүлээд явахын оронд түүнийг хүмүүст түгээгээд байх юм. Хүн өөрөө юмыг гэрэл гэгээтэй харвал улс хямраад хэцүү байгаа ч хялбархан давж болох байх.

-Хошин урлаг, дэлгэцийн урлаг хоёрын аль нь танд илүү ойр вэ?

Миний хувьд хошин урлаг илүү ойр. "Маск” продакшнтай олон жил ажиллалаа. Тайзан дээр гарах ямар гоё байдаг билээ. Олон жил нөхөрлөсөн ах, эгч, найз нөхөдтэйгөө инээлдээд тайзан дээр гарна гэдэг аз жаргал. Тайз, дэлгэцийн уран бүтээл асар өөр. Тайзан дээр тэр олон хүний өмнө нэг хүн тоглох гэж байгаа бол маш том хүлээн авалттай байх ёстой. Кино урлагт бол дотоод мөн чанар чухал. Дүрээ мэдэрч, нарийн зүйлийг гаргах ёстой.

-Анх тайзан дээр гарахад ямар байсан бэ?

-Анх тайзан дээр яаж гарснаа ч мэддэггүй юм. Их сонин мэдрэмж. Тоглолт дуусахад хүмүүсийн алга ташилтаас юугаар ч зүйрлэшгүй гоё мэдрэмж авна. Тэр олон хүн инээчихсэн алга ташиж байхад үзэгчдэдээ мэхийн ёслох жүжигчин хүний кайф. Мянган хүн нэгэн зэрэг инээнэ гэдэг үнэхээр сайхан. Тэр мэдрэмжийг мэдрэх сайхан байдаг. Бид нар чинь үзэгчдээсээ л урам авч цаашдын уран бүтээлээ хийдэг.

-Гэр бүлээ хэзээ зохиох гэж байна?

-Одоохондоо залуу байна. Болоогүй л гэж бодож байгаа. Цаг нь ирэхээр гэр бүл зохионо. Одоогоор баттайгаар өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй байна. Залуус маань эрт хүүхэдтэй болж байна. Гэр бүл салалт маш их болж. Хүүхэдтэй ганц бие ээж, аавууд олширчээ. Залуучууд хүнийг таниагүй байхдаа сэтгэлийн хөөрлөөр дурлаад хүүхэдтэй болчих юм. Хүүхдэд буруу өгч болохгүй. Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгоход буруудахгүй.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-"Fantastic” продакшны залуус маань хоёрдугаар сарын 13-нд үзэгчдэдээ томоохон бэлэг барих гэж байгаа.

Сүхбатын Ариунжаргал

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>