ОХУ-ын Нэгдсэн Орос нам, МАН-тай хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлэхээр боллоо
Монгол Ардын Намын дарга М.Энхболд өнгөрсөн сард ОХУ-ын Нэгдсэн Орос намын урилгаар албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр ОХУ-д төлөх их өр буюу 174,2 сая ам.долларын 98 хувийг тэглүүлсэн баяртай мэдээтэй эх орондоо эргэн ирсэн билээ.
Мөн 2010 онд Монгол Ардын Нам ОХУ-ын Нэгдсэн орос намтай хамтын ажиллагааны талаар гэрээнд гарын үсэг зурж байсан. Айлчлалын үеэр энэхүү гэрээнд үнэлэлт дүгнэлт хийж Монгол ардын намын дарга М.Энхболд, Нэгдсэн Орос намын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, ОХУ-ын холбооны хурлын төрийн Думын дэд дарга, Железняк Сергей Владимирович нар хоёр намын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулахыг тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.
Монгол ардын намтай хамтран ажиллах, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж байгаадаа баяртай байгаагаа оросын тал илэрхийлж байсан юм.