Д.Сүхбаатарын түүхэнд улс төрийн өнцгөөр хандаж байгааг эрдэмтэд шүүмжлэв

973

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулсан онол практикийн хурал Төрийн ордны Б танхимд амжилттай боллоо. Энэхүү онол практикийн хуралд  Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг олон талаас нь судалдаг эрдэмтэн, судлаачид оролцлоо. Хурлын үйл ажиллагааг нээж, Монгол Ардын намын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "Жанжин Сүхбаатар 1893 онд төрсөн. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал болж байхад идэр залуу байсан. 1912 оноос  хойш хувьсгалт үйл ажиллагаа, Манжийн дарлалаас улс орноо чөлөөлөх үйлсэд насан эцэслэх хүртлээ өөрийн мэргэн оюун бодлоо зориулж явсан хүн. Улс төрийн нам байгуулж, улс орныг удирдан жолоодож, хувьсгал тэмцэл хийж, тусгаар тогтносон Монгол Улс байгуулах үндсийг тавьсан. Хуралдаанд оролцож байгаа эрдэмтэд Чингисийн талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэх нь зөв гэсэн санал гаргаж байна" гэлээ. Их жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэн үүргийг улс төрийн зорилгоор бүдгэрүүлэхээр оролдож байгаад эрдэмтэн, судлаачид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.Тиймээс Д.Сүхбаатарын талаар ирээдүй хойч үедээ үнэн бодит мэдээлэл өгч, түүний Монголын тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн зүтгэл, оруулсан гавъяаг нь бодитоор үнэлэхэд энэхүү онол практикийн хурал чухал ач холбогдолтой юм. Энэхүү хуралд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Монголын тусгаар тогтнолд Д.Сүхбаатарын гүйцэтгэсэн үүрэг", профессор О.Сүхбаатар "Д.Сүхбаатар ба Монгол дахь гамингийн цэргийн төгсгөл", доктор Н.Хишигт "Монгол Оросын харилцааны түүхэн дэх Д.Сүхбаатар" ,УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар "Д.Сүхбаатар ба Ардын засаг" сэдэвт илтгэлүүдийг тус тус тавилаа.  Түүнчлэн Хиагт дахь Сүхбаатарын музейн эрхлэгч Лилия Борисовна их жанжинтай холбоотой түүхэн баримтуудын талаар сонирхолтой танилцуулга хийлээ. Хурлын үеэр илтгэгчид болон оролцогчдоос энэхүү хурлын ач холбогдол, Д.Сүхбаатар судлалын талаар сэтгэгдлийг нь сонслоо.

МАН-ын генсек Ж.Мөнхбат: Цаг хугацаа улирах тусам түүхийн үнэн тодорно

-Одоогоос 95 жилийн өмнө Монгол Улс орших уу, эс оршихуйн дэнсэн дээр байсан. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан  хүмүүс 1920, 1921 он гэхэд олонхи нь хорлогдож, дууссан. Дээрээс нь 1915 оны гурван улсын хэлэлцээрээр Монгол Улсын тусгаар байдлыг үгүй хийж, автономит болгосон.  Түүний дараа Сюү Шү Жаны цэрэг Хүрээнд орж ирж Богдыг хорьсон. Ингэснээр Монголын төр устах аюул тулгарсан. Монгол Улс орших уу, эс оршихуйн дэнсэн дээр байхад 1921 оны хувьсгалыг хийсэн хүний нэг их жанжин Д.Сүхбаатар юм. Тухайн үед амь нас, буу сэлэм, дайн тулаанаар улс орны хувь заяаг шийдэж байсан үед цэрэг удирдаж, бүх цэргийн жанжины эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж байсан. Ардын засаг анх үүсгэн байгуулагдсны дараа Д.Сүхбаатар жанжин Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан. Монголын түүхэнд энэ хүний оруулсан хувь нэмэртэй хэн ч маргашгүй юм. Гэтэл сүүлийн үед энэ хүнд улс төрийн өнцгөөс хандах хандлага газар авч байна. Цагаан дээр хараар бичсэн түүхийн үнэн гэдэг өөрөө маргахын аргагүй зүйл юм. Цаг хугацаа улирах тусам үнэн улам тодорч байдаг. Өнөөдөр энд тавигдаж байгаа илтгэлүүд Монголын тусгаар тогтнол, шинэ Монгол улс сэргэн мандах түүхэн явцыг удирдан манлайлагч нь Д.Сүхбаатар байсан гэдгийг эрдэмтэн ярьж байна.

Профессор О.Сүхбаатар: Д.Сүхбаатар цэргийн түүхэнд том гавъяа байгуулсан

-Хиагтын орчим байсан 10000 гаруй гамин цэргийг байлдааны нарийн төлөвлөгөө, цэргийн сургалт, байлдааны урлаг, цэрэг эрсийн үзэл санааг нэгтгэж чадсаны дүнд гамин цэргийн гол хүчинг сарниулж, Хятадын түрэмгийлэгчдийг Монголоос хөөж гаргах чухал ажлыг Д.Сүхбаатар шийдэж чадсан юм. Сүхбаатарт Хиагтын дэргэд бут цохигдсон гамингууд тал тал тийшээ тарж, байлдах чадвараа алдсан байдаг. Энэ бол Монголын цэргийн урлагт мартагдашгүй гавъяа. Хятадын цэргийнхэн Д.Сүхбаатарт гамин цэрэг ялагдсныг өөрсдөө гутамшиг гэж үздэг. Энэ тулаанд Д.Сүхбаатарт ялагдсан генералуудыг Хятадын нэр төрийг гутаасан гэж цаазаар авсан байдаг. Үүнээс л маш том ялалт байсан нь харагдаж байна. Би судлаачийн хувьд гамин цэргийн зугтаасан, орж ирсэн зам, Хиагтад хийсэн тулалдааны түүхийг газар дээр нь очиж судалж, шинжилж байсан юм.

Доктор Н.Хишигт: Зөвлөлт Оростой холбоотой баримтыг судлах хэрэгтэй

-Д.Сүхбаатарын талаар олон сайн үнэлгээ байдаг. Хамгийн сонирхолтой нь Д.Сүхбаатар орших, эс орших уу гэдэг байдал хөндөгдсөн үед Монголчууд нам, улс төр гэж талцахгүйгээр эх орноо чөлөөлөх тэр тэмцлийг хүсэн хүлээж байсан. Энэ тэмцлийг нь оройлж оролцсон Д.Сүхбаатарыг үндэсний баатар хувьд хүндэлж байсан.  Зарим эрдэмтэн судлаачид Д.Сүхбаатарыг хөрш орны удирдлагчтай зэрэгцүүлж, адилтгаж жишсэн ч бий. Д.Сүхбаатарын Зөвлөлт Орос улстай холбоотой олон баримтыг бид гүнзгийрүүлж судлах хэрэгтэй. Энэ асуудлыг хэрхэн үнэн зөвөөр гаргаж ирж чадахаас 1920, 1921 оны Монголын түүхийн эгзэгтэй үеийг зөв тодорхойлж чадна.

Ё.Отгонбаяр: Сүхбаатар жанжинтай холбоотой баримтуудыг үнэнээр л гаргаж ирэх хэрэгтэй

Д.Сүхбаатар бол Монголын нам, төрийг үндэслэн байгуулагчдын нэг. Ардын засгийг байгуулж, Монгол орныг цагаантнуудаас чөлөөлөх чухал гавьяа байгуулсан хүн. Би илтгэлдээ зориуд дурдсан.  Тухайлбал, 1990 оноос өмнө энэ хүнийг жаахан дөвийлгөх хандлагатай байсан бол сүүлийн жилүүдэд харлуулж, мушгин гуйвуулах нь илүү болчихож. Ингэхдээ түүхэн бодит баримтад тулгуурлахгүйгээр ярианы хэлбэртэй байгаа нь анзаарагддаг. Тиймээс миний илтгэлд энэ хүний түүх намтрын талаар цаашид судалбал зүйтэй юм бишүү гэж болсон зарим асуудлыг хөндлөө. Тухайлбал, 1923 оны тавдугаар сард улаан цэрэг дээрэм хийж, хүн хүчирхийлсэн учраас монголоос гарга гэдэг асуудлыг Жанжин  Сүхбаатар хөндөж байсныхаа төлөө донгодуулж байсан удаатай. Учир нь Ардын намын төв хороогоор асуудлыг яриагүй байхад түрүүлж  ярьсан хэмээн буруутгаж явсан юм билээ. Тэгэхээр энэ хүнийг ямар эх оронч үзэлтэй хүн байсныг илтгэн харуулсан баримт л даа. Энэ хүнийг зарим нь мушгиж ярихдаа Өвөрмонгол хүн байсан гэдэг. Гэтэл Өвөрмонгол гэдэг Монгол хүн юм байгаа биз дээ. Хоёрдугаарт, Өвөрмонгол хүн Монголын тусгаар тогтнолын төлөө ийм их гавьяа байгуулсан байвал бид түүнийг магтан дуулахад буруудах зүйлгүй. Гуравдугаарт, ийм зүйл ярьж байгаа хүмүүс түүхийн үнэнийг мэдэхгүй байна л гэсэн үг. Учир нь жанжин Сүхбаатар өөрөө хүрээнд мэндэлсэн хүн. Түүний эцэг Дамдин нь үзэмчин хошууны хүн. Гэхдээ тэр үед Дарьгангийн нутаг бол Богд хаант Монгол Улсын нутаг ч биш. Монолд ар, өвөр ч гэж байгаагүй. Аль аль нь манжийн харьяанд байсан үе болохоор түүхээ үзэж харж судалж элдвээр ярих хэрэгтэй. Түүнчлэн Д.Сүхбаатар  нас барах үедээ жанжныхаа албан тушаалаас чөлөөлөгдчихсөн байсан юм шүү дээ. Үүнийг зарим түүхч дээр дурдсанчлан улаан цэргийг Монголоос гаргах асуудлыг хөндсөнтэй нь холбож ярьдаг л юм. Энэ бүхнийг ч бас судлах хэрэгтэй.  Нөгөөтэйгүүр манайхан консулын болон хүрээний нууц бүлгэм гэж яриад сурчихсан. Гэтэл гурав дахь нам байсан гэдгийг түүхэнд дурддаггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>