МАН-ын удирдлагууд жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын намын удирдлагууд, нийслэл, дүүргийн намын байгууллага, гишүүд, дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Их жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд оруулсан гавъяаг үнэлж баршгүй юм. Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн Д.Сүхбаатарыг цэргийн цогтой удирдагч байсан хэмээн түүхчид үздэг билээ. Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Монгол Ардын намын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын сэтгэгдлийг сонссон юм.
М.Энхболд: Монгол Улсын өнөөгийн ололт, амжилт Д.Сүхбаатартай салшгүй холбоотой
-1893 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар мэндэлж байсан түүхтэй.Монгол Ардын намын үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж, Монгол Ардын намын Удирдах зөвлөл, нийслэл, дүүргийн намын байгууллага, дэмжигч гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Энэ дашрамд жанжин Д.Сүхбаатартай хамтдаа хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан партизан, ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд , төрөл төрөгсдөд жанжны төрсөн өдрийн мэндийг хүргэж байна. Сүхбаатар идэр залуу байхаасаа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгч цэргийн жанжин байсан. 1921 он гэхэд Д.Сүхбаатар цэргийн жанжин болж, Хиагтыг чөлөөлөх дайнд оролцож, хувьсгалт үйл ажиллагааг зохион байгуулж, хоёр бүлгэмийн нэгийг нь толгойлон Монгол Ардын намыг байгуулсан. Энэ хүний түүх яах аргагүй 20, 21 зууны Монгол Улсын өнөөгийн ололт амжилттай салшгүй холбоотой юм. Улс гүрнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийнхээ сайн сайхан байдлын төлөө зүтгэж явсан түүхэн хүний үйл хэргийг мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ зөв зүйтэй байдлаар ойлгуулах хэрэгтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эрх баригчид түүхийг өөрчилж, гуйвуулж байна. Манай хөрш зэргэлдээ оршиж байгаа улс гүрнүүд түүхийн үнэнийг хэвээр нь хадгалахад анхаарал хандуулж байна. Тэр байтугай Д.Сүхбаатарын Москвад очоод байрлаж байсан буудлын ханын бичгийг нь одоо болтол хадгалж байна. Гэтэл бид өөрсдөө жанжныхаа нэрэмжит талбайн нэрийг өөрчилсөн. Энэ нь үндсэндээ шүүхээр шийдэгдэж байна. Би 2003 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа их бүтээн байгуулалтын жилийн уриалга гаргаж, энэ талбайг боржин чулуугаар өнгөлж, тохижуулсан. Тухайн үед нь энэ талбайг 100 жилийн настай талбай боллоо гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Дараа 2011, 2012 онд жанжны хөшөөг сэргээн засварласан байгаа. Энэ мэтчилэн Д.Сүхбаатар, түүний байгуулсан намын онцлог үйл явдлуудыг түүхэнд үлдээх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Ж.Мөнхбат: Тусгаар тогтнол, үнэт зүйл рүүгээ халдах тусам түүхийн үнэн улам их тодордог
-Дэлхийн
ямар ч улс оронд түүхээ үгүйсгэж, бодит түүх рүүгээ дайрдаггүй. Түүх
гэдэг ойлголт тухайн улс орны үндэс суурь болж байсан. Оршихуйн эх нь
байдаг учраас аль ч улс төрийн хүчин байсан цул байдлаар авч явж чаддаг
байх ёстой. Захиргааны хэргийн шүүхээс Сүхбаатарын талбайг Чингисийн
талбай болгосон шийдвэрийг хууль бус гэж үзэн уугуул нэрийг нь
сэргээсэн. Тусгаар тогтнол, үнэт зүйл рүүгээ халдах тусам түүхийн үнэн
улам их тодордог. Үүний гэрч цаг хугацаа, ард түмэн байдаг. Тусгаар
улсын үнэт зүйл гэдэг газар нутгийн бүрэн бүтэн байдал, түүх, соёл зан
заншил байдаг. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж
эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулсан. Өнөөдөр намын
байранд тусгаар тогтнолын тухай сонсдог ном, 45 ангит баримтат киноны
нээлт албан есоор эхэлж байна. Түүхийг үгүйсгэх биш тал талаас нь эвлэж
үнэнээр гаргаж ирэхийн төлөө Монголын төр бодлого гаргаж явах хэрэгтэй.
Солонгос, Хятадууд түүхээ хамгаалахын тулд мөнгө зарж, маш олон ажлуудыг
хийж байна. Үзэл суртлын түвшинд дэлхийн хэмжээний кино хүртэл хийж
байна. Тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг мэдэрсэн
төрийн хийдэг ажил юм байна. Манайхан жижиг сажиг тогоо шанаганы хэрүүл
хийж хамгийн гол зүйлээ мартаад байна.
Ц.Тунгаа