Японы Засгийн газрын сайтуудыг хакерджээ

830

Японы Засгийн газрын Эрүүл мэнд, Хөдөлмөрийн яамны албан ёсны сайтууд хакеруудын халдлагын улмаас хэсэг хугацаанд ажиллагаагүй боллоо. Халдлагын хариуцлагыг олон улсын Анонимус хакерын бүлэглэл хүлээжээ.

Албаныхны мэдээлж байгаагаар сайтуудын хэвийн ажиллагаа өчигдөр оройноос алдагдаж эхэлсэн байна. Сайтын хэвийн ажиллагаа нэг хоног саатсанаас гадна яамдын ажилчид цахим шуудан явуулах, хүлээн авах бололцоогүй болжээ. Халдлага гарсны дараа Сайд нарын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Цахим аюулгүй байдлын стратеги төвийн тэргүүн Ёсихидо Суга "Японы Засгийн газар цахим аюулгүй байдлаа сайжруулах шинэчилсэн төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Энэ оны тавдугаар сард болох их 7-гийн уулзалт болон 2020 оны Токиогийн олимпийн үеэр аливаа асуудал гаргахгүй байх үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авна”  гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ. Ер нь өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Японы албан ёсны сайтууд байнгын халдлагад өртөх болсон. Одоогийн байдлаар энэ хугацаанд Японы парламентын мэдээллийн төв, Цагдаагийн төв газрын дотоод сүлжээ, "Нарита" олон улсын нисэх буудал гээд албан ёсны 73 сайт, 145 удаагийн халдлагад өртөөд байна.

Түүнээс гадна хоёр сая гаруй хүний хувийн мэдээлэл алдагдаад байгаа юм. Энэ халдлагын 100 гаруйг нь Анонимус олон улсын хакерын бүлэглэл үйлдсэнээ хүлээгээд байгаа. Яагаад Японыг онцолж халдах болсноо хакерын бүлэглэл тайлбарлаагүй байна. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус улс халим агнуурын үйл ажиллагаагаа дахин эхлэхээ мэдэгдсэн тул амьтны эрхийг хамгаалах үүднээс халдлага огцом нэмэгдсэн байж магадгүй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>