УЛС ОРНЫ ОРШИН ТОГТНОХОД АЮУЛ АВЧРАХ МЭДЭГДЭЛ

Монголын тусгаар тогтнолын үндсэн асуудал түүний өмнөд хөрш Хятадтай түүхэн холбоотой байж иржээ. 1911 онд Монгол язгууртнууд мөхөх нь нэгэнт тодорхой Манж Чин улсаас тусгаарлаж буйгаа зарласан боловч, өөрийгөө Манж гүрний залгамжлагч гэж үздэг шинэ Хятад улс үүнийг огт хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ үед АНУ Хятадыг дэмжиж байжээ. Гэвч Гадаад Монголыг өөрийн нөлөөний бүс болгох гэсэн Хаант Оросын дэмжлэгтэйгээр Монгол язгууртнууд Гадаад Монголд өөртөө эзэн мэдэх үлэмж эрхийг олж авав. Харин 1945 онд Дэлхийн II дайнд ялсан И.Сталин Өвөр Монголын тусгаар тогтнолын асуудлаар Хятадад хүчтэй шахалт үзүүлсний эцэст Хятад нь Гадаад Монголыг тусаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн ажгуу.
Гэвч Хятадууд Монголыг ингэж үздэг хэрнээ яагаад ямар нэг бодитой алхам хийж зүрхлэхгүй байна вэ? Учир нь, энэ бол өнөөгийн Монгол Улс байр сууриараа хүчирхэг гүрнүүдтэй эрх ашгаа холбож чадсаны үр дүн билээ. Ялангуяа Монгол Улс оршин тогтнож буй бодит шалтгаан бол ОХУ юм. Гэвч Орос Монголын тусгаар тогтнолд зөвхөн найртай сайхан сэтгэлээр туслаагүй гэдэг нь тодорхой байдаг. Оросын судлаач А.Храмчихины бичсэнээр, дорно зүгээс Орост учрах аюулын гол бамбай нь Монгол Улс болж иржээ. Үүгээр зогсохгүй, Москвагийн Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал тэрбээр Оросыг түрэмгийлэх жинхэнэ аюул нь Сибирийг өөрийн ирээдүй болгон харж буй Хятад хэмээн үздэг тул Монголын хүчин зүйлийг ихээхэн чухалчилдаг. Нөгөө талаар, АНУ тэргүүтэй өрнийн гүрнүүд ч өнөөгийн Монголыг өөрийн эрх ашгийн хүчин зүйл болгон харах болсон билээ.