Ерөнхийлөгч есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, төрийн золголт хийв

2203

Ерөнхийлөгч есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, төрийн золголт хийвБилгийн тооллын XYII жарны гал улаан бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө,  Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа гал бичин жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, өвлийг өнтэй давж, налгар  хавартай золгож байгаа  талаар ярилцлаа.

Төрийн золголтын дараа Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлэхэд Ерөнхийлөгч "Тэр ерөөл бат сайхан орших болтугай” хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт даган уухайлж хурайлав.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй гал бичин жилийн өнгийг хэлэлцэв. Хамба нар айлсан ирж байгаа гал бичин жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц битүүний үдшээс шинийн нэгний үүр цайтал Цэдэр Лхам хурж, ард иргэд олноороо даган баясч номын буян хураасныг айлтгаад энэ жил согтуу хөлчүү хүнгүй, ёс уламжлалаа хүндэтгэн дагасан, үндэсний дээл хувцсаа үнэтэй нандин эдээр хэв загвар уран тансаг хийн эдэлж хэрэглэдэг болсныг сайшаан хэлж байлаа. Үүгээр төрийн золголт өндөрлөв.

montsame 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>