Зеро ЭНХБОЛД

858

УИХ утгаа алдаж эхэллээ. Ирцгүй, тэгсэн хэрнээ телевизийн камерын өмнө, гол нь чуулганы танхимд 37 гишүүн ээлжилж үг хэллээ. Хурлын протокол хөтлөгдөхгүй, шийдвэр бол бүр гарахгүй ийм жүжиг шахуу юм парламентын танхимд өчигдөр анх удаа болов. Шалтгаан нь тун тодорхой. Хуулийн дагуу хуралдаа оролцож ирц бүрдүүлэх ёстой МАН энэ удаад олонхиос хариугаа авч, МАХН харин Н.Энхбаярыг Шадар сайд болгох шантаажаа үргэлжүүлж байна.

Нэг намын тунирхал, нэг хүний албан тушаал УИХ-ын үйл ажиллагааг бүтэн дөрвөн өдрөөр саатуулж болдгийг бүгдээрээ л харлаа. Чуулганыг ингэж ирцээр бойкотолдог энэ жишиг бол байнгын ажиллагаатай парламентын 26 жилийн түүхэн дэх хоёр дахь тохиолдол. 1996-2000 онд буюу УИХ-ын чуулганы ирц 51 гишүүнээр бүрддэг байхад Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан бас л ирцээр бойкот хийдэг байсан. Тэд тухайн үеийн дархан мэхээ, танил сценариа энэ удаад давтан хэрэглэж байна гэсэн үг. Харин АН-ын хувьд УИХ-ын олонхийг хамтдаа бүрдүүлж, Засгийн газрын танхимыг цугтаа дүүргэж буй намаа зангидаж чадахгүй байгаа нь хамгийн том алдаа.

УИХ-ыг бүхэлд нь биш юм гэхэд, олонхио зангидаж чадахгүй байгаа АН-ын даргын дутагдал ч гэж хэлж болох юм. Үүнээс нь болж ээлжит бус чуулган зарласан УИХ-ын даргын захирамж бараг хэрэгжиж эхлэхээсээ өмнө хугацаа нь дуусч магадгүй нөхцөл байдал үүслээ. Хэрэв ээлжит бус чуулганы энэ бойкот ээлжит чуул­ган руу халдвал УИХ ху­рал­даж чадахгүй засаглалын хямрал руу орох нөхцөл байдал ч үүсч мэднэ. 

Гэхдээ ээлжит бус чуулган гацсан, УИХ "0” зогсолт хийсэн алдааг зөвхөн сөрөг хүчнээс хайх нь утгагүй. Засаг байгуулахдаа, эсвэл авч үлдэхдээ 100 хувь ирц­тэй чуулдаг эрх баригч на­маас давхар асуух ёстой. Үе үеийн парламентыг дар­гаар нь "овоглодог” гэвэл З.Энхболдоор даргалуулсан УИХ-ын бүх гишүүнээс асуух ёстой байх.

Энэ асуултын хариултыг З.Энхболд дарга өөрөө "УИХ-ын гишүүдийн хариуцлага гэдэг юм бол энэ УИХ-ын үед улам дордсон” гэж өгсөн байна лээ. Тэгэхээр З.Энхболдын парламент үнэхээр "Зеро” байлаа гэхээс ч өөр юу гэхэв. Парламентыг даргаар нь овоглодог гэвэл З.Энхболд "Зеро” байлаа.

 

Г.АНАР

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>