|
Видео

Шинэ мэдээ

МАХН-ын залуус хууль зөрчихийг шаардаж эхлэв үү

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Шадар сайдад томилогдохоор нэр дэвшээд буй МАХН-ын дарга Н.Энхбаярын нийтийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж үзээд томилохдох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Харин үүний дараа нь МАХН-ын санхүү харицсан төрийн нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг Г.Шийлэгдамба сайдын хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж эхлээд байгаа юм.

Тэгвэл дээрх үйл явдлуудтай холбоотойгоор МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос АТГ-т хаяглан "МАХН-ын дарга нарыг шалгахаа зогсоо. Шалгагдаж буй дарга нараа сулла” шаардлага хүргүүлсэн юм.

Харин АТГ-аас өчигдөр тэрхүү шаардлагынх нь хариуг ""Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын үйл ажиллагаа нь зөвхөн хуульд захирагдаж явагддаг. Хэн нэгэн хувь хүн, аль нэг үзэл санаа, намыг улс төрийн захиалгаар дарамтлах, хэлмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэггүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Хэрэв та бүхний хувьд тодорхой байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол зохих байгууллагад хандан асуудлыг шийдвэрлүүлэх нь нээлттэй.

   Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох”-ыг хориглосон. Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжих тухай танай мэдэгдэл нь өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх улс төрийн шинжтэй дарамт шахалт гэж ойлгогдохоор байна. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар оролдож, намын удирдлагуудыг суллахыг шаардсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаад дүгнэлт хийнэ үү. Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд зөвхөн хуульд захирагдан өөрийн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэж өгсөн юм.

Залуучуудын байгууллагаас явуулсан тэрхүү шаардлагадаа "хэрэв бидний хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ” гэдгээ мэдэгдсэн байсан. Тэгвэл тэдний дараагийн шат нь жагсаал, цуглаан байжээ. Тодруулбал, өнөөдөр үдээс хойш АТГ-ын гадаа арав гаруй МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооны залуучууд эсэргүүцлийн жагсаал хийж буй аж. Тэд АТГ-ыг эсрэг уриа лоозон барьж, чанга яригчаар дуу тавьж тайван жагсаал хийж эхэлжээ.

Уг нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн ямар нэгэн байгууллага хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байхгүй. Тэгтэл МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага нөлөөлөх оролдож байгаа нь хэр зүй зохистой вэ. Намын дэргэдэх байгууллагыг хаанаас нь ч харсан улс төрийн байгууллага юм. Тэр тумсаа тэдний тавьж буй шаардлага нь гэмт хэргийн шинжтэй байгаа гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж буй юм. АТГ-аас явуулсан хариу тайлбартаа ч энэ талаар дурдсан байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох”-ыг хориглосон байдаг. Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжих тухай танай мэдэгдэл нь өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх улс төрийн шинжтэй дарамт шахалт гэж ойлгогдохоор байна. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар оролдож, намын удирдлагуудыг суллахыг шаардсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй зүйл болоод байна.

Г.Лхагваа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.