Хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих дэд хороо байгуулна

314

Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах гурван талт үндэсний семинар өнөөдөр "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд боллоо.

ОУХБ-ын хувьд Монгол Улсын хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлуудад техник, арга зүйн зөвлөгөө өгч, хамтарч ажилладаг. Манай улс тус байгууллагад 1968 онд гишүүнээр элссэнээс хойш суурь найм, нийт 20 конвенцид нэгдэн орж, шинээр найман конвенцид нэгдэхээр судалж буй юм. Хамгийн анх 1969 онд Ижил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй ажилтанд адил цалин олгох тухай, Эхчүүдийг хамгаалах тухай, Аж үйлдвэр дэх ажиллагсдын насны доод хэмжээний тухай зэрэг зургаан конвенцид нэгдсэн бол 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181, Далайн хөдөлмөрийн тухай, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенцид нэгдээд байгаа юм.

Нэгдэн орсон конвенцуудынхаа хэрэгжилтийн талаар улс орон бүр тодорхой тайлагнах үүрэгтэй. Тиймээс энэ үүргээ биелүүлж, тайлагналтыг сайжруулахын тулд юуг анхаарах талаар голчлон ярилцсан уг семинарыг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулсан.  Семинарт Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр нарын албаны хүмүүс гадны экспертүүд, нийгмийн түнш байгууллагынхан оролцож, "Олон улсын хөдөлмөрийн конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих нь”, "Монгол Улсын нэгдэж орсон олон улсын хөдөлмөрийн конвенцийг хэрэгжүүлэх, тайлагнах үүрэг”, "ОУХБ-ын конвенцийн хэрэгжилтийг тайлагнаж буй өнөөгийн байдал” зэрэг илтгэлийг сонслоо.

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт хэлсэн үгэндээ Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай 182 дугаар конвенцийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/38 дугаар тоот тушаалаар "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг баталж жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахгүй байхаар тусгасныг дуулгаад Монгол Улсын нэгдэн орсон конвенц, зөвлөмжүүдийн тайлагналтын талаар болон нэгдэн орох конвенц, зөвлөмжийн талаар хэлэлцэх чиг үүрэгтэй  Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт дэд хороог Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дэргэд байгуулахаар болсныг танилцууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.