“Мэнгэ төөрсөн амраг”-ийн Ж.Заяабаатар бурхны оронд заларлаа
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч , сэтгүүлч Жалчингийн Заяабаатар удтал хүндээр өвчилж байгаад таалал төгслөө.
Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн тэрээр СЭЗДС, УТДС тус тус төгссөн. Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт Ерөнхий нягтлан бодогч, тус аймгийн "Ялалт" сонины сурвалжлагч, Улаанбаатар Төмөр замын "Ган зам" сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, "Монголын Залуучууд", "Өнөөдөр", "Толь", "Зууны мэдээ", "Маш нууц" сонинуудад утга зохиолын ажилтан, сурвалжлагч, албаны даргаар ажиллаж байсан.
2011
оноос Дорноговь аймгийн чөлөөт хэвлэл "Өнөөдрийн ялалт" сонинг үүсгэн
байгуулан ажиллаж байсан. "Хайртыгаа битгий мартаарай" номоороо МЗЭ-ийн
шагнал, "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" дууны шүлгээрээ МҮЭ-ийн "Соёлын
тэргүүний ажилтан", МСНЭ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласны
тул "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулж байсан.
Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнуулжээ.
1980-аад оны дундаас уран бүтээлээ туурвиж 1991 онд "Хайртыгаа битгий мартаарай" өгүүллэгийн анхны номоо хэвлүүлж улмаар дурдатгал, тэмдэглэлийн "Эрээн нуур" /1994 он/, "Холын цэнхэр Алтайд бороо цайрна" /1998 он/ өгүүллэгийн, "Үрийн гуйлга" тууж, өгүүллэгийн ном /2001 он/, "Долоовор хуруугаар нулимс арчдаггүй"/2010 он/ өгүүллэгийн номууд хэвлүүлж "Омог босоо Хавт Хасар" /2014 он/ түүхэн роман бичжээ.