Л.Гантөмөр сайд Б.Насанбаяраар туг тахив уу

828
 	 Л.Гантөмөр сайд Б.Насанбаяраар туг тахив уу

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн бэлтгэсэн "Цэнзүргүй сурвалжлага"

нэвтрүүлгээр Мүүний шашинтай холбоотой асуудлыг хөндсөн. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг энх тайвны гэх тодотголтой мүүний шашины байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан гэсэн шуугиан дэгдсэн. Цахим ертөнцөд үндсэндээ Б.Насанбаярыг намнах ажиллагаа амралтын өдрүүдэд ид оргилдоо хүрлээ. Хэдийгээр Б.Насанбаяр телевизийн нэвтрүүлэгт орж, мүүний шашин боловсролын яамны ажилтай ямар ч холбоогүй гэдгийг батлахыг оролдсон ч улам л баалуулав. Түүнийг өөрийгөө өмгөөлөх тусам боловсролын яамнаас холдуулах хэрэгтэй гэсэн байр суурийг иргэд олонтаа илэрхийлж байлаа. Тэгвэл Б.Насанбаяр өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд өөрт нь ирсэн дайралтуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдэв. Б.Насанбаярыг мүүний шашинтай хэмээн дайрч буй цэнхэр үст Цэрэн болон фейсбүүк, твиттертээр дайрсан агуулгатай постор хийж, нэр төрд нь халдсан хүнийг Эрүүгийн цагдаагийн газар болоод Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаа албан ёсоор мэдэгдлээ. Танхимд цугласан сэтгүүлчид түүнийг ямар нэгэн сэжмээр мүүнтэй холбогдож байсан уу гэдэг асуултад түүнээс хариулт авахыг хүсч байлаа. Энэ асуултад Б.Насанбаяр хариулахдаа "Би төрийн бус байгууллагад байсан. Тэр үзэл онолтой сургааль номлолыг судалж байсан. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдаж байсан гэдгээ олон удаа хэлсэн" гэлээ. Өөрөөр хэлбэл, Б.Насанбаяр энх тайвны гэх тодотголтой мүүний төрийн бус байгууллагыг удирдаж явснаа хүлээн зөвшөөрлөө. Түүний хэлж буйгаар төрийн бус байгууллагад нь ажиллаж байснаас шашны үйл ажиллагааг дэмжиж байгаагүй гэсэн юм. "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэгт түүнийг мүүний гэх тодотголтой компанид хувь эзэмшдэг гэж мэдээлсэн. Тэгвэл энэхүү компанийн хувьцаагаа аль эрт зарчихсан гэдгээ энэ үеэр хэллээ. Юутай ч Б.Насанбаяр БШУЯ-ны сайд Л.Гантөмөрт бурууг тохохыг хүссэнгүй. Хэн нэгний дарамт шахалтаар бус өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Гэвч олны дунд Боловсрол шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр Б.Насанбаяраар туг тахиад өөрөө бууриа сахиж үлдлээ гэх таамаг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>