ВЬЕТНАМААС ДАВХИЖ ИРСЭН ХЭЭР МОРИНЫ ТҮҮХ “ГҮЙГҮҮЛ МОРЬ” ДУУГ БҮТЭЭХ ЭХЛЭЛ БОЛЖЭЭ
1961 онд Хонхор өртөөнөөс галт тэргэнд ачигдаад явсан хээр азарга 1963 онд нутагтаа эргээд ирсэн аж. Монгол адуу гэдэг гайхамшигтай амьтан болохыг баталсан нэгэн үйл явдлын тухай маш сонирхолтой энэ түүхийг "Гүйгүүл морь” дууны үгийг бичсэн хурандаа Л.Төмөрбат ярьж байна.
Л.Төмөрбат хурандаагийн олон дуунууд та бидний аманд өдөр бүр аялагддаг. Түүний нэг нь "…Эхийнхээ хээлэнд зарагдсан унага…” хэмээн сэтгэл гэгэлзүүлэн, монгол хүний өрийг өмөлзүүлэн юм бодогдтол дуулагддаг энэхүү "Гүйгүүл морь” билээ. Энэ дууны үг уяруу зөөлөн хүний сэтгэлээс л гарч таарна. Үнэхээр ч цэргийн амьдралд хат суусан хэрнээ дуундаа уярч яваа, дууны уран бүтээлч хүн бол Л.Төмөрбат хурандаа юм. Тэрээр энэ дууныхаа болон "Илбэе” зэрэг дууныхаа хэрхэн бүтсэн тухай сонирхолтой түүхийг тоглолтынхоо өмнө оршил болгон хуучилжээ. Түүний уран бүтээлийн тоглолт 3 дугаар сарын 17-нд Бөхийн өргөөнд болох юм.
Ингээд МУСТА, яруу найрагч, хурандаа Л.Төмөрбатын сонирхолтой, сэтгэлд ойр, сайхан яриаг видеогоор болон текстээр сонирхон үзнэ үү.
"Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа би их баяртай байна.
Миний нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл сум. Бага сургууль, арван жилийн сургуулийг Төв аймагт төгссөн. Дараа нь Цэргийн их сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, ЗХУ-д Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, Улаанбаатарт Удирдлагын академи, БНСУ-д Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх аюулгүй байдлын академийг дүүргэсэн. Мэргэжлээрээ 38 жил ажилласан.
Манай нутаг олон сайхан яруу найрагчидтай. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, дээр үед Тэрбиш гэж сайхан ерөөлч байсан. Энэ жилийн "Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатараас эхлээд сайхан яруу найрагчид олонтой.
Сүүлийн үед сайхан дуучид төрж байна. Монгол улсын гавьяат жүжигчин, залуу дуучин Г.Ариунбаатар манай нутгийн хүн. Энэ олон сайхан, авьяастай яруу найрагчид, дуучид төрж байгаа нь төрсөн нутгийн минь уул ус, энэ сайхан байгальтай холбоотой байдаг юм болов уу гэж бодож шүтэж явдаг. Өөрөө бол яахав ээ, дуу хуураа аль болохоор л олон түмэндээ хүргэхсэн гэж бодож яваа уран бүтээлч хүн.
Шүлэг бичдэггүй хүн гэж бараг байдаггүй байх. Хүүхдүүд сурагч байхаасаа л тэмдэглэлийнхээ дэвтэрт янз янзын шүлэг бичиж байдаг шүү дээ. Би ч бас тэдний нэг адил сургуульд байхдаа шүлэг оролдож байсан. Хүний авьяасыг хөглөж, шүлэг, яруу найраг бичихэд хүргэдэг гол зүйл нь байгалиа, орчин тойрноо мэдрэхээс эхэлдэг болов уу боддог. Би хэзээ хойно, цэрэгт очсон хойноо яруу найраг руу орсон. Цэрэг гэдэг чинь үнэхээр сайхан алба. Хүний авьяасыг өдөөж өгдөг. Олон сайхан уран бүтээл хийхэд миний 38 жилээ зориулсан цэргийн алба нөлөөлсөн болов уу гэж боддог. Мөн аав ээжээс минь эхтэй байх. Манай ээж сургууль соёл төгсөөгүй боловч уран цэцэн үгтэй, сайхан ярьдаг хүн. Сая 78 насандаа нутаг орон, үр хүүхдүүддээ зориулаад хөөрхөн шүлэг биччихсэн байсан. Тэгэхээр миний авьяас ээжээс минь эхтэй юм болов уу гэж санадаг аа.
Миний төрсөн аав Төв аймгийн Соёлын ордны дуучин хүн байсан. Харин би дуулж чаддаггүй, тэгсэн ч дуу хуурыг хүндэтгэдэг, ойлгодог мэдрэмж минь ааваас байдаг юм болов уу. Манай нутаг усныхан, хөдөөнийхөн сайхан дуулж хуурдаж, найрлаж наргиж байдаг улс. Энэ бүхэн хүний амьдрал ахуй, уран бүтээлд нөлөөлдөг байх.
Анхны шүлгүүд маань дуу болоогүй ээ, шүлэг чигээрээ л үлдсэн. Харин анхны дууны уран бүтээл гэх юм бол "Уяач хүн уяан дээрээ жаргалтай” гэдэг дуу. Монгол улсын Гавьяат жүжигчин Чулуунхүү анх үзчихээд "Дуу болгоноо үүнийг, дуу хийнэ” гэсэн. Та бүхэн сайн мэдэх байх, наадмын хурдан морины комисст олон жил ажиллсан Галбадрах хурандаа гэж бий. Бид хоёр армид их олон жил алба хаасан. Тэгээд нэг орж ирэхээр нь би "Уяач хүн ер нь хэдийд жаргалтай байдаг юм” гэж асуусан. "Уяач хүн уяан дээрээ л жаргалтай байдаг юм даа” гэж байна. Тэгээд л үүнээс сэдэвлээд "Уяач хүн уяан дээрээ жаргалтай” дуу бичсэн. Үүнд Чулуунхүү ая хийгээд л хүмүүсийн мэддэг, сонирхдог дуу болсон түүхтэй.
Үүнийхээ дараа Чулуунхүү их аятайхан дуу боллоо гэж урам хайрлаад "Салааны дайчид” гэж дуу хийсэн. Тэр "Салааны дайчид” дууг минь цэргийнхэн их мэддэг дээ. "Хурд” хамтлаг, Чулуунхүү гавьяат, Бямбажав хоёр дуулсан.
Хүн дуу хуур, шүлэг яруу найраг бичихдээ өөрийнхөө мэддэг, бахархаж баярлаж явдаг, сэтгэлд хамгийн ойрхон зүйлээ бичдэг юм болов уу гэж бодож байна. Миний уран бүтээлд их зонхилдог сэдэв бол эх орны болон цэргийн сэдэв. Морины тухай дуу ч их олон бий. Морь өөрөө нүүдэлчдийн, монголчуудын зан үйлтэй их холбоотой том соёл. Морины тухай бичвэл уяачдын тухай бичих болно. Уяачийн тухай бичих болбол унаач хүүхдийн тухай бичих болно. Ингээд бодохоор их олон юм хамаарна. Энэ бүгдийг бичсэн. "Хурдан морины хүүхэд”, "Уяач хүн уяан дээрээ жаргалтай”, "Уяач бурхад”, мөн Монголын алдартай сайхан хүлгүүдийн тухай "Цоглог зээрд”, "Санбэйсийн хурдан хүлэг”, "Тэнгэр уулын унага” гээд саяхан гарсан дуу, бас Чулуунхүү гавьяаттай хамтран Очирваань уулын хурдан хүлгийн тухай сайхан дуу хийсэн. "Уяачийн гал” гээд дуу бий. Уяачдын хамгийн сайхан нөхөрлөл уяачдын галаас эхэлдэг, гэр бүл, үр хүүхдээрээ нэг юмны төлөө зүтгэл гаргадаг ийм сайхан хамт олон энд л бий болдог юм. Иймэрхүү уран бүтээл миний дуунуудад зонхилно доо.
"Гүйгүүл морь” бол зөвхөн хүмүүсийн сонирхлыг татсан ч биш миний сэтгэлийг их хөндсөн уран бүтээл байгаа юм. Анх Вьетнамаас ирсэн хээр морины тухай сонсоод "Монгол адуу гэдэг ямар гайхамшигтай юм бэ, энэ их олон уул ус, энэ их хол замыг туулж яаж нутагтаа гүйж ирдэг юм бэ” гэж их гайхаж үнэн ч юм болов уу, худлаа ч юмуу гэж эргэлзэж л байсан. Тэгсэн нэг удаа адуу судлаач Цэгмид гуай орж ирээд "Монгол адуу” гэдэг номоо бэлэглээд морины тухай ярьж суусан. Тэр үед би адуу судлаач хүний үгийг сонсмоор санагдаад "Вьетнамаас морь гүйж ирсэн гэдэг үнэн юм уу?” гэсэн чинь "Үнэн байлгүй яахав. 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумын /энэ нь Налайхын хойд энгэрт байсан сум гэдэг одоо бол байхгүй л дээ/ хээр азарга Хонхор өртөөн дээрээс ачигдаад 1963 онд нутагтаа гүйж ирсэн юмаа” гэсэн. Цэгмид гуайгаас би ахин "Эхийнхээ гэдсэнд зарагдсан унага эргэж гүйдэг гэж үнэн үү?” гэж асуусан. "Үнэн байлгүй яахав, би үүнийг нэг бус удаа сонссон. Манай адуу гэдэг амьтан чинь их ухаантай амьтан шүү дээ. Адуу малтайгаа ойрхон байдаг ард түмний онцлог, энэ бол гарцаагүй, хэд хэдэн удаа ийм түүхийг сонссон” гэж хэлсэн. Ингэж хэлээд гарахад нь үнэхээр сонин санагдаад тэр дороо "Гүйгүүл морь”, "Гүйгүүл хээр” гээд хоёр шүлэг бичсэн. Гүйгүүл морь гэдэг бол бидний амьдралд их ойрхон. Биднийг бага үед аав маань семинар, зөвлөгөөнд сумын төв дээр очоод л хэд хоног үргэлжилсэн семинар хийнэ гэхээр морио хазаарыг нь мултлаад тавьчихдаг. Морь нь аргалын хажууд нэг хөрвөөж аваад л орой гэхэд адуундаа очсон байдаг байхгүй юу. Тэгээд л дөрөв тав хоногийн дараа хүүхэд морийг нь хөтөлж аваад л явдаг. Ер нь морь гүйх бол их түгээмэл байсан. Энэ бүхнээс сэдэвлээд бичсэн шүлгээ дуу болчихсны хойно бодож байтал "Зөвхөн хурдан морь ч биш, монгол нутагт төрж өссөн юу ч бай эх сайхан орныхоо төлөө хаанаас ч тэмүүлж байдаг. Сайхан шүү” гэх сэтгэгдэл төрсөн.
Би цэргийн салаанаас эхлээд л Батлан хамгаалах яамыг хүртэл дамжиж ажиллалаа. Цэргийн бүх цолыг дамжин зүүжээ. Олон албан тушаалыг хашиж, олон цолыг зүүж ажиллалаа. Би нэг үг хэлэх дуртай. "Цэргийн уран бүтээлийг хийхдээ хүмүүс дуулснаа бичдэг байхад би туулснаа бичдэг” гэж. Тэгээд миний бүтээлүүд арай үнэнд ойртдог, цэрэг хүний зүрх сэтгэлд арай ойрхон байдаг юм болов уу л гэж боддог. "Салааны дайчид” дууг бичихдээ, би Цэргийн их сургууль төгсөөд л анх Зүүнбаянд 22-хон настай салаан дарга очиж байсан. Миний цэргүүд зарим нь гуч гарчихсан, насаар ах дайчид байв. Энэ хамт олныг удирдахад их ур дүй, тухайн үед олж авсан цэргийн мэдлэг, харилцааны соёл шаарддаг. Дараа нь цэргийн олон албан тушаал дамжин ажиллахад хамгийн сэтгэлд ойрхон хамт олон бол салаа, хамгийн их цэргийн сэтгэлд ойрхон албан тушаал бол салаан дарга юм байна гэж мэдэрсэн. Одоо миний салаанд байсан цэргүүд Өвөрхангай, Баянхонгор, Увс, Дорнодод ч амьдардаг. Одоо хүртэл ирж уулзаж, хурандаа болчихсон байхад минь "Салаан дарга аа” л гэдэг. Тэгэхээр энэ бол их сайхан албан тушаал гэж боддог юм. Энэ бүхнээс л төрсөн дуу.
Ерөөсөө цэргийн үйл ажиллагаа, бидний хийдэг бүхэн, тэр команд бүгд дүрмээр заачихсан байдаг эд. Түүнээс биш нэг даргын аашаар арми хөдөлнө гэвэл хаашаа юм болох вэ. Нэг өдөр уурлаад түгшүүрийн дохио өгөөд тэр олон буутай улсыг бужигнуулаад хаячихвал юу болохов. Нэг өдөр уйлаад нөгөөдүүлээ уяраагаад суугаад байвал ажлаа алдана биз дээ. Бид дүрмээр л явах ёстой, тэр дүрмээр л харьцах ёстой гэдгийг яс махаараа ойлгодог. Ялангуяа, би цэргийн сургалт хариуцаж яаманд олон жил ажилласан. Цэрэг хүн юу хийх ёстой вэ? Цэрэг хүн өнөөдөр байлдахгүй ч гэсэн маргааш эх орондоо бэлэн байх ёстой. Тэр хүнийг л би сургах ёстой юм гэж ойлгодог. Цэрэг бол үүнийг хүлээж авч сурах ёстой. Намайг эх орон хэзээ ч дуудсан би энэ л албаа хаана, энэ л жагсаалдаа байна, энэ л хамт олонтойгоо үүрэг гүйцэтгэнэ гэдгийг яс махнаасаа ойлгосон байх хэрэгтэй. Цэргийн дарга гэж тэр болгон хатуурхаад хашгираад байдаг хүнийг хэлдэггүй. Миний "Захирагч” гэж шүлэг бий. Түүнд,
"Тулалдаанд ороход минь тушаал өгдөг ч
Нутагтаа буцахад минь нулимсаа унагадаг
Захирагч хүн та
Залуухан жанжин минь
Халх голын өдрүүдийг
Хамт туулсан нөхөр минь” гэж бий. Үнэхээр тийм. Цэрэг халагдана гэдэг амаргүй шүү дээ. Хамтдаа бужигнах үедээ бужигнаж, жагсах үедээ жагсаж хэдэн жил болчихоод халагдаад явна гэдэг амар биш. Тэгээд хэзээ хойно энэ бүхнийг дурсан бодож энэ шүлгээ бичсэн.
"Илбэе” гэдэг уран бүтээлээ би 2003 онд бичсэн. Өглөө босоод л цонхоороо харсан нар тусаж байхгүй юу. Нар намайг илбэж байна гэсэн их л сайхан бодол төрсөн. Ингээд л нэг уран бүтээл төрсөн. Үүнийг ханьдаа, бүх л сайхан гэр бүлүүддээ зориулсан. Эхэндээ ч нэг их сайхан дуу болчих байх гэж бодоогүй, их олон илбэе гэсэн давталттай гэж бодож байсан. Гэтэл хөгжмийн зохиолч Билэгт сайхан ая хийсэн. Анхны дуулсан хүн нь хөгжмийн зохиолч Мөнхжаргал. Тэгээд сая Болд, Чулуунчимэг хоёр дуулж олны хүртээл болголоо.
Одоо миний хоёр дахь уран бүтээлийн тайлан тоглолт болох гэж байна. Би өмнө нь 2007 онд Бөхийн өргөөнд нэг тоглолтоо хийсэн. Энэ удаагийн тоглолтынхоо нэрийг өгөх гэж би бас нэлээд зовсон. Яагаад гэвэл би дандаа залуу уран бүтээлчидтай хамтран ажилладаг. Миний дуулдаг дуунуудаар манай дуучид бүгд тоглолт хийчихсэн. "Манай адуу” гээд тоглолтыг Мөнхбат, "Гүйгүүл морь” гээд Хосбаяр, "Илбэе” гээд тоглолтыг Болд, Чулуунчимэг хоёр хийчихсэн. Тэгээд нэрнүүд давхардаад болдоггүй. Энэ "Дуунд уярах хорвоо” гэдэг уран бүтээлийг нэлээд эрт хийсэн юм. Үүгээр хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун бас тоглолт хийчихсэн. Тэгэхдээ нэлээд эртнийх, удсан юм даа гээд үүгээр тоглолтоо нэрлэж байгаа юм. Энэ үг надад их таалагддаг. Ер нь бол хатуутай зөөлөнтэй энэ хорвоод дуунд л ямагт уярч явдаг гэсэн бодлоор нэрлэсэн. Тоглолт 3 сарын 17-ны 19 цагаас Бөхийн өргөөнд болно. Энэ тоглолтонд сүүлийн үеийн зохиолын дуучид бүгд оролцоно. Та бүхнийг миний уран бүтээлийн тоглолтыг ирж үзээрэй гэж урьж байна”
Тийм ээ, та хэрэв эр хүн бол хурандаагийн тоглолтыг заавал үзээрэй. Бүсгүйчүүд минь бас аавдаа, ханьдаа, хөвгүүддээ зориулаад хамтдаа үзэхийг хичээгээрэй. Энэ өдрүүдэд бид бүгдээрээ өрх гэрийнхээ ноён нуруу эрчүүдээ, аавыгаа, ханийгаа, хөвгүүдээ баярлуулах тухай бодож суугаа. Жилийн турш амрах, суухаа умартан улс орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг аавуудаа, хань нөхрөө жилдээ ганц удаа 3 дугаар сарын 18-нд амсхийлгэж баярлуулах бас сайхан байлгүй яахав. Яг энэ үеэр хурандаагийн тоглолт Бөхийн өргөөнд болох гэж байгаа нь сайхан боломж биш гэж үү?