Н.Жаргал: Цаанаа ханьтай нэгэнд
Цаанаа ханьтай нэгэнд
Цаанаа ханьтай нэгэнд сэтгэл шунан дурлана
Цамцных нь энгэрт зүүгдэн эрхэлж зогсмоор санагдана.
Зөрөөд одсон тавиланг сөрөөд гүймээр санагдана
Зөнгөөр учирсан чамайгаа аваад зугтмаар бодогдоно.
Дэргэдээ ханьтай чамдаа хайраа дэвсээд ээнэгшинэ.
Дээлийнх нь товчинд зүүгдэн үүр цайлгамаар янагшина.
Бодлоос уяатай амрагаараан өврөөн гоёмоор санагдана
Болзоо тогтсон өдрүүдээ зогсоож орхимоор бодогдоно.
Энэ насанд чамаараан гэрээн чимэх заяагүй ч
Ижилдэн хоёул дэгжирч гадуур гунхах тавилангүй ч
Санан санан хүлээдэг гэнэн хонгор ааль шүү
Саатан үлдэхэд чинь баясдаг гэмгүй л нэгэн сэтгэл шүү.
Хойдын тавилан байдаг бол намайгаа чи минь таниарай.
Хожмын учралд гунихарч хоёул ахиж зовохгүйм шүү.
Эргэхийн заяа байдаг бол чамайгаан би чинь олноо
Энэхэн насны дутуугаа тэгэхэд хоёулаа гүйцээнээ.
2015-11-06, Жаргал.Н.
Зарим нэг залуус намайг их зантай гэнээ
Залуудаа ийм байгаагүй юмаа
Инээхтэй нь инээж,наргихтай нь наргиж
Итгэх нэгэндээ итгэж,хайрлах нэгнээ хайрлаж,
Гэнэхэн хонгор зантай,гэгээхэн
бүсгүй явлаа.
Гэгэлгэн хайраар сэтгэлээ чимээд
хөл алдан гүйж л явлаа.
Царай хардаг байснаа болиод сэтгэл хардаг болсоон
Цаг хардаг байснаа болиод боломж хардаг болсоон.
Хөтлөлцөж алхахыг биш,хуучилж суухыг илүүд үздэг
Хөөрцөглөж дэгдэхийг биш,намбархаж суухыг боддог.
Дөлгөөн тайван зантай,ихэмсэг
бүсгүй болсоон.
Дөч хүрсэн болохоор хазгай
гишгэхээ больсоон.
Зүрх сэтгэлд хэн түшиг болохыг гадарладаг
Зөв явахад амьдрал зөөлөн гэдгийг
мэдэрдэг
Хайрлаж дурласан хоёрыг ялгаж салгаж хардаг
Хань болох нэгнийг зөнгөөрөө таньж чаддаг
Гэрэвшиж зугатахгүй нуруутай болсон.
Гэндэж хууртахгүй хашир болсоон
Дээгүүр зантайдаа чамайг тоогоогүй юм бишээ
Дэргэдээ хэн зохихыг мэддэг болохоор тоогоогүй юм.
Сагсуу болохоороо чамайг тоогоогүй
өнгөрсийм бишээ.
Сайхан залуу насыг чинь хайрласандаа тоогоогүй юмаа.2015-09-27,Жаргал.Н