Д.Дуламсүрэн: Аавын харц

857
 
ААВЫН ХАРЦ

Уйлахад нь харцаараа аргадаж, уруудахад нь харцаараа зэмлэдэг эр сэтгэл
Ухааныг нь харцаараа цэгцэлж, ирээдүйг нь харцаараа чиглүүлдэг эр зүрх

Аавын харц миний багын горьдлого бас даврал байлаа.

Ээждээ зэмлүүлсэн ч аавын харцаар аргадуулж, эгчдээ туньсан ч аавын харцанд нялхардаг байв.

Эрх танхилхан хүү нь билээ би....Миний нүдийг аавын нүд гэх, миний төрөхийг аавынх гэх нь бий

Эрэмгий хүлэг шиг гал цогтой, эрдүү гялалзсан гүн хар, гуниг үргээм гэрэлтсэн нүд миний аавын нүд...

Одоо харин тийм биш ээ...

Зовхи нь унжаад гуниг суучихсан, зол заяагаа дагаад ижийг минь бараадах болсон.
Олон нугалаа үрчлээтэй, орой дээрээсээ сормуус бууралтсан, орчлонг зовлон жаргалтай нь багтаах өвгөн хөх мэлмий

Залуудаа гэвч ийм байгаагүй юм...

Дэгж дэрвэсэн омголон залуусруу харцаа чулуудахад далдирдаг, дэргэдэх нөхдийнхөө дунд хундага дарстай мэлмэрдэг байв.

Дууны сайхныг аялаад од шиг гялалздаг байв, дураар салхи мэт эрх чөлөөнд сөхрөхийг мэддэггүй эрэмгий байв.

Гэвч гал нь буурсан ч элчээ алдаагүй, ир нь мохсон ч сүр нь буураагүй ээ...
Аавын минь харц

Энэлэн шаналал дотроосоо нэвчсэн ирэх нэгэн өдөр энэ харц надад уусан шингээд үлдэнэ
Эхлэл бөгөөд төгсгөлд үл хүрэх эцгийнхээ харцаар би үрээн аргадаж зогсоно...

....Үргэлжлэлд өнө мөнх үлдэх аавын минь дулаахан харц...

2016.01.14

Х.ДУЛАМСҮРЭН

------------------------------------------

Эр хүн, их гүнзгий ертөнц,...
Ээнэгшин дасвал эргэж үл буцах итгэл найдвар, ..эмзэглэж сэтгэл хөрвөл эргүүлж үл болох шулуун зам
Элэн халих бүргэд шиг эр зоригоор нисэн дүүлж, эх дэлхий эрхэс гаригийг ч эрхшээн эзэмших агуу хүч
Эр хүн,... их ширүүн урсгал
Хайрыг нь дааж чадвал халгин цалгихаас ч буцахгүй, хариулж нэг л гомдоовол хагацан салахаас ч ухрахгүй
Нөхөрлөж чадвал нөмөрт нь удаан хоргодох энгэр уул, нээнтэглэж өө гаргавал нанчилдаж салах зөрүүд омогшил
Эр хүн,... их өндөр мод
Тэнгэр өдөө тэмүүлж ургасан тэвчээр хатуужлын үр, салаалсан олон мөчрийг тэжээж зангидсан амь
Хайрандаа сөхөрч ургах гэрэлт шугуй ,.. хад чулуунд босоо зүтгэх хар мод.
Эр хүн,.. эгэлгүй сэтгэл
Уяран дуулвал дотогшоо зангидаж урсдаг, ..ухааран бодлогоширч зүрхэн тэлж өтөлдөг
Уужим сайхныг сэтгэлдээ зурж, зурсан зургандаа шунан дурлаж амьдардаг, зуурдын үүрдийн тавиланг өөрөө сонгох эр сэтгэл
Эр хүн,... эцэг уул
Үрсдээ том нар, үүрд мандах шаргал дэлхий,..үргэлж тэднийхээ төлөө үрэгдэж элэгдэх, өтөлж гандах буурал туяа
Үнэнч ханийнхаа энгэрт эрхэлж тунирхсан атгахан зүрх, үүлгүй тэнгэрийн хормойд бол завилж эзэгнэсэн эцэг уул...эр хүн
Х.Дуламсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>