Сүрьеэ уушгийг өвчлүүлж, аажимдаа бусад эрхтэнд нөлөөлдөг

274

Амьсгалын замаар халдварладаг хамгийн тархмал, хор хөнөөлтэй өвчин бол сүрьеэ. Сүрьеэгийн гэх өвөрмөц савханцраар үүсгэгддэг бөгөөд уг савханцар чийглэг, дулаан орчинд удаан хугацаагаар оршин байдаг. Сүрьеэгийн анхны халдварыг бараг хүн бүр авсан байдаг боловч 90 орчим хувь нь ямар нэг эмчилгээ хийлгүйгээр аяндаа эдгэрдэг. Гэхдээ олон хүний амьсгалын зам дахь тунгалагийн булчирхайд үүссэн эмгэг эдгэрч шохойжин үлдэнэ. Ийм хүмүүс дахин халдвар авах тохиолдолд сүрьеэгээр өвчлөх магадлал өндөр байдаг юм. Бага насны хүүхэд болон дархлаа нь суларсан ХДХВ бүхий хүмүүс сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчилдөг нь тогтоогдсон. Шинж тэмдэг нь ханиаж, оройн цагаар бага зэрэг халуурах, их хөлрөх, турах, ядарч сульдах байдлаар илэрнэ. Ер нь хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиагаад байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Сүрьеэгийн сорил тавьж, цээжний рентген зураг /флюр гэх жижиг зураг илүү сайн/ авснаар онош тогтоогддог. Сүрьеэ хамгийн түрүүнд уушгийг өвчлүүлэх ба аажимдаа бусад бүх эрхтэнд нөлөөлж өвчлүүлдэг. Эдгээрээс ясны болон гэдэсний сүрьеэ цөөнгүй тохиолдоно.

Сүрьеэгийн сорил зарим хүнд илрэхгүй байх нь бий. Тиймээс шинж тэмдгээс шалтгаалан сорилыг давтан хийх шаардлагатай. Сүрьеэ өвчин ядуу буурай орны хүн амын дунд их тархмал байдаг нь хоол хүнсний дутагдал, дулаан орон сууц, хувцас хунараар байнга дутаж байдагтай холбоотойгоос гадна ийм орчинд нэг хүн өвдлөө гэхэд бусаддаа амархан халдварладаг гэсэн үг. Манай орны хувьд шоронд сүрьеэгийн өвчлөл, халдварлалт өндөр байдаг нь үүний нотолгоо мөн. Халдвар авснаас хойш 2-10 долоо хоногийн дараа сорил нэмэх гарах боловч сүрьеэгээр өвчлөх нь 1-2 жилийн дараа ч илэрч болдог. Өөрөөр хэлбэл, далд үедээ яваад байгаа хэрэг. Гэхдээ бусдад халдвар тараах өндөр магадлалтай гэж ойлгож болно. Гурваас доош насны хүүхдүүд сүрьеэгээр өвчлөх нь харьцангуй ховор. Тэгээд ч төрсөн даруйдаа вакцинд хамрагддаг нь нөлөөлдөг. Насанд хүрэгчдийн хувьд чихрийн шижин, бөөрний архаг дутагдал, силикоз, уушгины хавдар, ходоод тайруулсан хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Ямар нэг сэжиг илэрсэн, эсвэл сүрьеэтэй хүмүүстэй хамт байдаг бол шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэдий чинээ эрт оношлуулж чадваас эмчилгээ сайн авдаг, бүрэн эдгэрдэг өвчин бол сүрьеэ. Шинжилгээг давтан өгч байж далд хэлбэрийн сүрьеэ оношлогдоно гэдгийг мартаж болохгүй. Ийнхүү онош тогтоогдсон бол эмийн эмчилгээ хийдэг. Эмчилгээг 6-12 сар тасралтгүй хийж, давтан шинжилгээ хийсний дараа л эдгэрэх эсэх нь шийдэгдэнэ.

Цаашид эмнэлэгийн хяналтад нэгээс доошгүй жил байж дахин давтан шинжлүүлдэг. Ингэж чадваас бүрэн эдгэрэх магадлал 90 хувь гэж үздэг. Одоогоор үндсэн эмчилгээ нь изониазид гэх эм байдаг. Урьдчилан сэргийлэх үндсэн арга нь БЦЖ вакцин. Одоохондоо үүнээс илүү үр дүнтэй вакцин хараахан гараагүй байна. Судалгаагаар БЦЖ вакцин таваас доош насны хүүхдүүдэд илүүтэй нөлөөлдөг нь тогтоогдсон. Гэхдээ өндөр хөгжилтэй ихэнх улс орон БЦЖ вакциныг хийхээ больсон нь хүн амынх нь эрүүл мэндийн боловсрол өндөр болсон, амьдрал ахуй, орчин нь сайжирсантай холбоотой гэдэг. Сүрьеэ өвчин уг өвчнөөр өвчилсөн үнээний сүүгээр дамжин халдварлах магадлал өндөр байдаг. Тиймээс түүхий сүү хэрэглэхгүй байх, хэрэглэхээр бол сайтар боловсруулалт хийх нь сэргийлэх нэг арга мөн. Тэрчлэн хүнд үйлдвэр, уурхайн ажилласдын хөдөлмөр хамгаалал дутагдсанаас сликоз гэх уушгины сорвижилт өвчин түгээмэл байдаг нь сүрьеэгийн халдвар давхар авах эрсдлийг дагуулдаг учир үүнээс сэргийлэх нь зүйтэй.   

"Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.