Гар утаснаас гурван хэмжээстээр хэвлэх төхөөрөмж

199

 Гар утаснаас гурван хэмжээстээр хэвлэх төхөөрөмж

 

Сүүлийн үед гурван хэмжээст хэвлэгч төхөөрөмжийг олон салбар, тэр дундаа анагаах ухаанд хүртэл ашиглах болсон ч энэ төхөөрөмжийн нүсэр хэмжээ болон үнэ өртгөөс үүдэн төдий л олон хувь хүн худалдан авах боломжгүй хэвээр байна. Харин АНУ-ын Сан Франциско хотод гараагаа эхэлсэн "OLO 3D" компани гурван хэмжээст хэвлэгчийн эдгээр дутагдлыг үгүй хийсэн өөрсдийн цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулахаар төлөвлөж байна. Тус компанийн "OLO" нэртэй 3 хэмжээст хэвлэгч төхөөрөмж ердөө 99 америк долларын үнэтэй. Энэхүү хэвлэгч авсаархан хэмжээтэйн дээр гар утаснаасаа хэвлэх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.

"OLO" гурван хэмжээст хэвлэгчтэй зохицон ажилладаг гар утасны аппликейшнд байгаа бэлэн дүрсүүдээс хэрэглэгч сонгон, гурван хэмжээстээр хэвлэдэг байна. Хэвлэгчийн тусгаж байгаа цагаан гэрэлд хатуурдаг шинж чанартай фотополимер резинийг гурван хэмжээст бүтээгдэхүүн хэвлэх гол материал болгон ашиглаж байгаа юм. Дунд зэргийн хэмжээтэй дөрвөн баттерейгаар 100 бүтээл хэвлэх боломжтой юм байна. Гэхдээ нэг гурван хэмжээст дүрсийг хэвлэхэд хэдий хэр хугацаа шаардлагатай нь тодорхойгүй байгаа юм. "OLO 3D" компани гар утасны гурван хэмжээст хэвлэгчээ маш энгийн загвараар бүтээсэн байна. Энэ хэвлэгч ердөө долоон ширхэг хуванцар иж бүрдэл, нэг чип, нэг мотор, мөн дөрвөн ширхэг хуруу зайнаас бүтэж байгаа юм.

Тус компани энэ бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалах төсөлдөө олон нийтээс санхүүжилт босгохоор цахим сүлжээнд аян эхлүүлсэн байна. Анх 80 мянган америк долларын хандив цуглуулахаар төлөвлөж байсан ч олон нийт тус компанийн шинэ, содон бүтээлд нийтдээ 650 мянга гаруй доллар хандивлажээ. Ингэснээр тус компанийн эхний бүтээгдэхүүнүүд ирэх 9 дүгээр сар гэхэд хэрэглэгчдийн гарт хүрэх зам нээгдэж байна. Энэ төхөөрөмж Айфон, Андройд болон бусад бүх төрлийн гар утастай зохицон ажилладаг болохыг зохион бүтээгчид нь онцолж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.