Манай ширэн бээлийтнүүдэд боломж бий
"Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээнд Монголын ширэн бээлийтнүүд оролцож, дөрөв нь олимпийн эрх "халааслав". Энэхүү тэмцээнд 35 орны эрэгтэй 180, эмэгтэй 46 боксчин өрсөлдсөн юм.
Олимпийн рингэнд гарах эрх авсан боксчдыг нэрлэвэл, Д.Отгондалай эхний тойрогтоо гоц мөргөж 16-д үлдсэн. Улмаар дараагийн тойрогт Иракийн боксчин Аммар Жаббар Хассан, Катарын боксчин Ерсекер Хакан, Японы Дайсуке Наримацу нарыг 3:0-ээр ялж олимпийн эрх хүртэж, шигшээд шалгарч аваргын төлөө Филиппиний Чарли Суарезийг 2:1-ээр хожсон.
Олимпийн эрхийг мөнгөн медалийн хамт хүртсэн Б.Чинзоригийн хувьд Тонга улсын боксчин Туйпулоту Файнеаз, Японы Хикарү Окишима, БНАСАУ-ын боксчин Кон Таэ Ри, Киргизстаны Ермек Сакенов нарыг 3:0-ээр ялж олимпийн эрх хүртэж, шигшээд үлдсэн. Ийнхүү Казахстаны Абылайхан Жусуповттой тулалдаж, 2:1-ээр ялагдаж мөнгөн медаль зүүсэн.
Г.Ган-Эрдэнэ олимпийн эрх, хүрэл медальтай гэртээ ирсэн. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж 16-д үлдэж, хоёрдугаар тойрогт Тажикстаны Шухрат Сабзалиев, Вьетнамын боксчин Хуюнх Нгок Тан, Узбекстаны Дусматов Хасанбой, Энэтхэгийн Девендро Лайшрам нарыг 3:0-ээр ялж, олимпийн эрх хүртсэн.
Б.Түвшинбат санасандаа хүрч олимпийн эрх, хүрэл медалиар энгэрээ гоёлоо. Тэрбээр эх орноосоо мордохдоо олимпийн эрхийг авахдаа бүхий л чадлаа дайчилна гэж гэрийнхэндээ амласан байна. тэр хэлсэндээ хүрсэн. Эхний тойрогт гоц мөргөөд 16-д үлдэж, Тажикстаны Шараф Даблатовыг ТКО буюу техникийн илт давуугаар, Туркменстаны боксчин Бахтияар Машариповыг 3:0, Тайландын Сайлом Ардийд 2:1, Филиппиний Эумир Марсиалийг 3:0-ээр ялж олимпийн эрх хүртсэн.
Энэ удаагийн тэмцээнээс олимпийн эрх авч чадаагүй тамирчдад ирэх зургаадугаар сарын 14-26-нд Азербайжаны нийслэл Бакуд болох тэмцээнээс хүртэх боломж бий. Тэрхүү тэмцээнд оролцсон -91, 91-д өрсөлдсөн тамирчдаас шалгарсан тус бүр нэг 49 кг-д хоёр, 52 кг-аас 81 кг-д тав эрх олгоно. Тиймээс манайхаас 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Б.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг Т.Ерболат нар оролцоно.
Сүүлийн долоон удаагийн олимпид манайхаас хэдэн боксчин оролцож байсныг сонирхуулъя.
1988 онд долоо
1992 онд зургаа
1996 онд гурав
2000 онд нэг
2004 онд нэг
2008 онд дөрөв
2012 онд дөрөв
MNB.MN