Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ

1434

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ Р.ОЮУН, А.ТҮМЭННАСТ

Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 25-наас албан ёсоор эхэлнэ хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд даваа гариг буюу ирэх долоо хоногийн ажлын өдрүүдийг хүлээх нь бүү хэл, наймдугаар сарын 20-ныг угтан зарим цэцэрлэгийн үүдэнд хонон өнжин дугаарлаж байна. Жил бүрийн намар эцэг, эхчүүд  цэцэрлэгийн үүдэнд уртаас урт дараалал үүсгэн,  заримдаа машин тэрэг, майхан савтайгаа ирж хоноглодог болсон. Гэтэл энэ жил бас энэ дүр зураг өөрчлөгдсөнгүй. Тиймээс бид энэ удаагийн "Амьдралын тойрог”-оо Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд байрлах 189 дүгээр цэцэрлэгийн үүднээс бэлтгэсэн юм. 

Тус цэцэрлэгийн үүдэнд дугаарлах иргэд энэ сарын 19-нөөс эхлэн тус цэцэрлэгийн үүдийг сахисан байна. Харин бид өнгөрсөн амралтын өдрүүдэд тус цэцэрлэгийн үүднээс энэ сурвалжлагаа бэлтгэсэн юм. Биднийг очиход цэцэрлэгийн ойролцоо 30 гаруй машин эгнэн зогсчээ. Тэнд барагцаагаар 60 гаруй хүн байв. Дүүгээ дагуулсан хүүхдүүд, хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд, ач гучаа хөтөлсөн эмээ, өвөө, жирэмсэн эхчүүд гээд тэнд ер нь бүх насныхан дугаарлаж байна.

Бүгд л өдрийн халуун оройн жиндүүг ажрахгүй, дарааллаа алдахгүй л байвал бүх юм болно гэцгээх аж. Үнэхээр ч даарлаа гээд ойролцоох гэр лүүгээ гүйх аргагүй юм. Дугаараа алдчих гээд...Дараа нь хэрэлдэж, тэмцэлдээд ч олдохгүй гэдгийг хүн бүр хэлж байв. Тийм болохоор бидэнтэй тухтай ч ярилцах хүн ховор байв. Иргэдийн дундаас онцлоод цэцэрлэгийн насны 2-3 хүүхэдтэй айлд очъё гэтэл татгалзсан хариу  сонсохоос цааш хэтэрсэнгүй. Учир нь, сонин, хэвлэлээр элдэв юм яривал хүүхдээ цэцэрлэгт бүр өгч чадахгүй гэдгээ эцэг, эхчүүд учирлаж байсан юм. Тиймээс бид тэнд зогсох эцэг, эхчүүдтэй оройжин, шөнөжин дугаарлахаас өөр аргагүй болов.

 

ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ БОЛ НЭГ АЙЛД ОЛОН АСУУДАЛ "УРГАНА”

Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол айл бүрт том асуудал ургана. Хамгийн нэгдүгээрт, харах хүнгүйгээс аав, ээжийн аль нэг нь гэртээ ажилгүй сууна. Ажилгүй, цалингүй суухаар амьдрал бүр дордоно. Эсвэл ах, эгч нь хичээл сургуульдаа явж чадахгүй, дүүгээ харах хэрэгтэй болно гээд түмэн зовлон бий. Дээрээс нь гэртээ харах хүнтэй байлаа ч  ихэнх айл  хүүхдээ  эмээ, өвөөд нь даатгах эсвэл ганц, хоёр насны зөрүүтэй ах, эгчид нь  хариуцуулж орхидог. Тиймээс ихэнх айл эмээд нь даатгах, асрагч хөлслөх, цэцэрлэгт өгөх гэдэг гурван хариултаас сонголтоо хийж, жилийн жилд, намрын намарт ингэж амь тэмцэлдэн цэцэрлэгийн үүд сахидаг. Тиймээс тэд хүүхдээ бүртгүүлэхийн тулд намрын сэрүү унасан бороотой үдшийг ч ажралгүй эвдэрхий микроавтобусыг монголчилж янзлаад цэцэрлэгийн гадаа авчран нялх хүүхэдтэй, жирэмсэн эхчүүд, хөгшид хүүхдүүдийг унтуулахаас гадна энд байгаа жижиг машинд ч гэсэн багтахынхаа хэрээр толгой хоргодож байгаа гэв. Учир нь энэ цэцэрлэгийг ашиглалтад орсон цагаас хойш хүүхдээ бүртгүүлэх гэж дугаарлаж зогссон ч оруулж чадаагүй гэсэн эцэг, эх олон байв. Тус цэцэрлэг таван настай 10 хүүхэд авна гэсэн зар наасан нь тэднийг ийн бухимдахад хүргэжээ. Тиймээс эцэг, эхчүүдийн төлөөлөл өнгөрсөн пүрэв гаригт дүүргийн Боловсролын хэлтсийн даргатай уулзаж учир байдлаа хэлэхэд "189 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч манайд таван настай 15 хүүхэд авна гэсэн мэдээ ирүүлсэн. Бид энэ талаар шалгаад та нарт хариу өгнө” гэжээ. Бямба гаригийн үдэш 189 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Бямбасүрэн хоёр багшийн хамт гарч ирээд "Хоёр настай 15, таван настай 10 хүүхэд авахаар болсон. Мөн хоёр, гурван настай хүүхдийн холимог нэг анги нээхээр болсноо мэдэгдээд эцэг, эхчүүдийн яриаг ч сонсолгүй яваад өгчээ. Цугласан эцэг, эхчүүд энэхүү мэдэгдэлд нь мөн л бухимдаж байна.

 

ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН НЭГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ОРОХ БОЛОМЖТОЙ

 

Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд цэцэрлэгийн насны хүүхэдтэй айл олон. Цэцэрлэгийн эрхлэгчийн мэдэгдэж буйгаар гурван хүүхэдтэй айлын нэг нь цэцэрлэгт орж чадах уу, үгүй юү гэдэг асуудал бүрхэг хэвээр үлдэж байна. Тиймээс бид энд есдүгээр сарын 1-нийг хүртэл хонох хэрэг гараад байна. Ядаж, гурав, дөрвөн настай хүүхдүүдийг тус бүр 10-ыг авахуулах хэрэгтэй байна гэдгийг эцэг, эхчүүд хэлж байсан юм. Түүнчлэн энэ жил өнөөх цэцэрлэгийн хүрэлцээ муу гэх нэрийн дор цэцэрлэгүүд цөөхөн хүүхэд бүртгэнэ гэж байгаа. Гэтэл шинээр хүүхдүүдээ бүртгүүлэх гэсэн ээж, аавын тоо 100 хол давсан байх жишээтэй. Цаасан дээр бүртгүүлээд явсан нэрийг жагсаавал бүр 200 орчим байсан юм.  Мэдээж аль ч дүүрэг, хороодын цэцэрлэг  өмнөх тогтсон жишгээрээ улсын цэцэрлэгүүд харьяаллын бус хүүхдүүдийг бүртгэхгүй гэдгээ хэлж байсан. Гэсэн ч  танил талаараа хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн, хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгч чадах хүн хайсан хүн  олон байсныг нуух юун. Хүмүүсийн ярьж буйгаар энэ жил цэцэрлэгийн эрхлэгч нарт өгдөг хахууль бас өссөн сурагтай. Өнгөрсөн жил 200-300 мянган төгрөг атгуулаад бүх юм "Ок” болчихдог байсан бол энэ жил 500 мянгаас буухгүй байгаа гэх. Тэгэхээр цэцэрлэгийн бүртгэл бараг л их сургуулийн бүртгэл, хахуультай дүйцэж очихоор болжээ.  189 дүгээр цэцэрлэгийн үүдэнд цугласан эцэг, эхчүүдийн  сэтгэгдлийг хүргэж байна.

 

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 170 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛСЭН

Иргэн Д.Мягмардаваа:

 

-Манай хүүхэд хоёр настай. Энэ насны хүүхдүүд одоо цэцэрлэгт орж төлөвшиж байх ёстой. Хоёр настай хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээхэд зожиг, харамч, бусад хүүхэдтэй юмаа булаацалдсан, хэрэлдэж, зодолддог болно. Мөн гэр бүлдээ янз бүрийн араншин гарахад тэрийг л сурна. Хэрэв цэцэрлэгт орчихвол дуулж, бүжиглэхээс гадна олон хүүхэдтэй харилцаж сурна. Гол нь энэ хүмүүжлийг хоёр настайгаас нь өгөх гэж ажлаа орхин энд хонож байна. Одооны хүүхдүүд дээр үеийнх шиг гэртээ уяулж, цоожлуулдаг нь өнгөрсөн. Цэцэрлэг цөөн байна. Хоёр, гурван настай хүүхдүүдийг яагаад заавал нэг ангид хольж оруулах гээд байгаа юм бэ. Нэг анги 45 хүүхэд, хоёр багштай гэсэн. Би ямар хүнд хүүхдээ даатгаж байгаагаа мэдэхгүй байна. Хоёрхон багш энэ олон хүүхэдтэй яаж харилцах нь ойлгомжтой. Хүүхдээ хотын төвд цэцэрлэгт өгч болно. Гэтэл өөрийн гэсэн унаагүй болохоор өвлийн хүйтэнд хүүхдээ дааруулчихна. Түүний оронд ойрхон харьяаллынхаа цэцэрлэгт оруулсан нь дээр. Өнөөдрийн байдлаар 170 хүүхэд бүртгүүлсэн байна. Ганц манай энд ч биш хот даяараа ийм байгаа. Энэ цэцэрлэгийн эрхлэгч мөнгө авч болно. Миний нэг таньдаг хүн "Та эрхлэгчтэй нь уулзаад 100 мянган төгрөг өгөхөд хангалттай орчихно” гэсэн. Үнэхээр хувийн цэцэрлэгт сар бүр 150 мянган төгрөг өгч байхаар улсын цэцэрлэгийн эрхлэгчид нэг удаа энэ мөнгийг өгөхөд яах вэ гэж бодогдсон. Ингэж хонож өнжөөд миний хүүхэд орж чадахгүй бол Боловсролын яаманд хандана. Үнэхээр гомдолтой байна.

 

БИ ГУРВАН ЖИЛ ДУГААРЛАСАН Ч ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ОРУУЛЖ ЧАДААГҮЙ

Иргэн О.Лхамдарь:

 

-Манай хүүхэд дөрвөн настай, цэцэрлэгт явж байгаагүй. Өмнө нь хоёр, гурван удаа бүртгүүлэхийг оролдсон ч чадаагүй. Энэ жил би ажилтай болохоор зогсч чадахгүй эмээг нь өдөр байлгаад шөнө нь өөрөө хонож байна. Амьдрал ийм л байна. Бид Бямбасүрэн эрхлэгчид нисэхийн болон харьяаллын бус хүүхдүүд авахаа боль гэсэн шаардлага тавихад "Манайх эхэлж авсан хүүхдүүдээ төгсгөх ёстой. Нисэхийн гээд байгаа хүүхдүүд чинь манай ажилчдын хүүхдүүд” гэсэн. Орсон газраа төгсөх ёстой гэсэн ийм хууль байхгүй биз дээ. Эсвэл Боловсролын яамны тогтолцоо ийм болчихсон юм уу. Үүнийг Боловсролын яамны цэцэрлэгийн асуудал хариуцсан мэргэжилтнээс асуумаар байна. Энэ талаар бидэнд тууштай хариу өгөөч ээ. Хэрэв дөрөв, тав, долоо, наймдугаар хорооны цэцэрлэг зургадугаар хорооны хүүхдүүдийг авчих л даа. Тэгвэл бид энд заавал уурлаж бухимдаад баймааргүй байна. Энэ жил хүүхдээ өглөө гэхэд дараа жил биднээс мөнгө нэхнэ.

 

ЗЭЭГЭЭ ОРУУЛАХ САНААТАЙ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙНА

Иргэн Д.Лида:

 

-Эмээ нь зээгээ оруулах санаатай гурав дахь жилдээ хөөцөлдөж байна. Өөр хороонд байрлах цэцэрлэгт өгөх гэхээр "Танай хороо цэцэрлэгтэй болсон” гээд авахгүй байна. Зээгээ хоёр настай байхад нь 53-т бүртгүүлэхэд "Манайх 100 хүүхдийн цэцэрлэг. Нэг анги 20 хүүхэдтэй байна” гээд 17 хүүхэд авсан. Гурав нь эмзэг бүлгийнх гэж байсан. Гэтэл өнгөрсөн жил гурван настай зээгээ дагуулаад иртэл  эрхлэгч нь "Манайх 43 хүүхэдтэй” гэхээр нь за хүү минь 23 хүүхдийг хаанаас хэн өгөв. Тэр хүнээ заагаад өгчих. Эмээ нь 24 болгуулаадахья гэтэл цаашаа яваад өгсөн. Сая энд таван настай 11 хүүхэд авна. Гурав, дөрвөн настай хүүхдийг бүртгэхгүй гэх юм.

 

ЭНЭ ЦЭЦЭРЛЭГ ӨНГӨРСӨН ЖИЛ 4-5 НАСТАЙ ХҮҮХЭД ОГТ АВААГҮЙ

Иргэн И.Энхцэцэг:

 

-Энэ цэцэрлэг өнгөрсөн жил дөрөв, таван настай хүүхэд огт аваагүй. Өнгөрсөн жил "Дөрвөн настай хүүхдийн анги дүүрсэн” гэж хэлээд манай хүүхдийг аваагүй. Энэ жил хүүхдээ таван настайд нь өгөх гээд хонож байна. Боловсролын хуульд цэцэрлэгт суугаагүй хүүхдийг сургуульд авахгүй гэж байгаа. Хэрэв миний хүүхдийг цэцэрлэгт яваагүй гээд сургуульд авахгүй бол яах вэ. Хүүхэд маань хохирох ёстой юу. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

АНХ УДАА ХҮҮХДЭЭ ӨГӨХ ГЭЖ БАЙНА

Иргэн Д.Нандинчимэг:

 

-Анх удаа хүүхдээ өгөх гэж байна. Энэ цэцэрлэгийг ашиглалтад ороогүй байхад хоёр эгчийг нь өөр цэцэрлэгт явуулдаг байсан. Тухайн үед тав, долдугаар хорооны цэцэрлэгт анги  засварын 10 мянган төгрөгийг төрсний гэрчилгээтэй нь өгөөд бүртгүүлдэг байлаа. 189 дүгээр цэцэрлэг баригдсанаас хойш их сургуульд хүүхдээ оруулах гэж байгаа юм шиг л болж байна. Ингэж хоносны ашиг гарах уу, үгүй юү бүү мэд. Эцэг, эхчүүдтэй ярьж чадахгүй байгаа хүн 2-5 настай хүүхдүүдийг хүмүүжүүлээд, бүхэл бүтэн байгууллагыг удирдаад явж байна гэхэд харамсалтай байна.

Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>