Зика Монгол руу дөхөж байна

943
Зика Монгол руу дөхөж байна

Зика вирусийн халдвар улам өргөн тархсаар байна. 2007 оны нэгдүгээр сард дахин сэргэсэн эл халдвар өнгөрсөн сарын 31-ний байдлаар дэлхийн 61 улсад бүртгэгдээд байгаа талаар ДЭМБ тайландаа дурджээ.

Сармагчингаас эхлэлтэй эл вирус шумуулаар дамжин халдварлаж, хүн төрөлхтөнд ихээхэн хохирол учруулж буй юм. Зикагийн эсрэг улс орнууд багагүй мөнгө зарцуулаад байна. Гэвч тархалтыг барьж дийлсэнгүй.

Aedes төрлийн шумуул Зика вирусийн гол тараагч болоод буй. Энэ төрлийн шумуултай газар бүрт вирус хурдацтай тархаж буй талаар эрдэмтэд тэмдэглэжээ. Aedes төрлийн шумуул нь дотроо 700 гаруй зүйлтэй. Эдгээр шумуулын 60 орчим хувь нь Ази, Номхон далайн улс оронд, 35 хувь нь Америк тивд тархсан аж.

Монгол Улсад aedes, anopheles, culex, culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс aedes төрлийн шумуул манай орны ихэнх нутгаар тархжээ. Уг төрлийн шумуул нь 30 градусаас дээш градусын халуунд үржиж, амьдрах чадвартай бөгөөд БНХАУ-ын өмнөд хэсэгт илүүтэй тархсан нь тогтоогдсон байна.

БНСУ-ын http://english. donga.com/ сайтад Зика вирусийн халдварын гурван тохиолдол батлагдсаныг мэдээлэв

БНХАУ-д Зикагийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ч газар авахуулалгүй арга хэмжээ авч чаджээ. Энэ бол монголчуудад аюул ойртож буйгийн дохио. Манай улсын иргэдийн ажиллаж амьдардаг БНСУ-д халдвар бүртгэгдээд байгаа.

Тус улсын http://english. donga.com/ нэртэй сайт дээр Зика вирусийн халдварын сэжигтэй таван тохиолдол бүртгэгдсэний гурав нь батлагдсан талаар мэдээлжээ. Гэхдээ энэ талаар ДЭМБ-д ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа аж.

БНСУ-д Зикагийн халдвар илэрсэнтэй холбогдуулан бид Эрүүл мэнд, спортын яамны Халдварт өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлтэй холбогдож, манай улс уг халдвараас сэргийлэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар лавлалаа. Тэрбээр "БНСУ-д Зика вирусийн нэг тохиолдол бүртгэгдэж, онош нь үгүйсгэгдсэн юм билээ.

Түүнээс гурван тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байгаа ч одоогоор ДЭМБ-аас өгөөгүй байна. Монгол Улсаас БНСУ-д олон хүн ажилладаг. Бид нисэх онгоцны буудал болон аялал жуулчлалын газруудад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч байгаа. Зуны улиралд аялал жуулчлал идэвхждэг учраас иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, вирусийн халдвараас хамгаалах хэрэгтэй.

Эрүүл мэнд, спортын яамнаас иргэдэд хандаж зөвлөмж гаргасан. Сүүлийн үед Зика вирусийн халдвар бэлгийн замаар дамжиж байна. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүмүүс бэлгэвч хэрэглэж заншихыг зөвлөж байгаа. Зика вирус эбола шиг аюултай биш. Эбола бол өвчилсөн хүний ялгадас, шингэнээр дамжиж халдварладаг. Харин Зика тийм биш. Вирус тээгч шумуул болон бэлгийн замаар дамжиж буй. Тэгэхээр хувь хүн өөрөө хариуцлагатай байвал энэ өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой” гэлээ.

Хувь хүн өөрөө хариуцлагатай байвал Зикагаас сэргийлэх бүрэн боломжтой

ДЭМБ-ын тайланд дурдсанаар Чили, Бразил, Аргентин, Франц, Итали, Шинэ Зеланд, АНУ-д бэлгийн замаар дамжсан тохиолдол илэрчээ. Ялангуяа Америк тивийн хувьд 2015 онд вирус илэрснээс хойш тархалт нь тогтмол нэмэгдсээр байгаа аж. Тус тивийн 33 улс болон газар нутагт Зика вирусийн шумуулаар дамжсан халдвар тархжээ.

Номхон далайн баруун бүсийн 16 улс оронд мөн л шумуулаар дамжин тархаад байна. Зика вирусийг ургийн тархины хэлбэрийн гажиг үүсгэж буй хэмээн эрдэмтэд үзсэн. Тэгвэл хүүхдийн болон ургийн тархины хэлбэрийн гажиг өвчин Бразилд 944, Колумбид 32, Францийн Полезид найм, Кабо-Вердед хоёр, Мартиник нэг, Панамд нэг тохиолдол илрээд байна.

Иймд ДЭМБ уг вирусээс сэргийлэх болон хянах стратеги боловсруулжээ. Энэхүү бодлогын хүрээнд газар дээр нь вирусийн тархалтын байдлыг тодорхойлох, хариу арга хэмжээ авах, судалгаа хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэтхэгийн Bharat Biotech International Limited компани Зика вирусийн эсрэг хоёр төрлийн вакцин бүтээснээ дэлхий нийтэд зарласан. Гэвч одоогоор амьтан дээр туршиж буй юм.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>