М.ЭНХСАЙХАНЫ "ИХ ЭВСЭЛ"-ИЙН ЦААНА

262

М.ЭНХСАЙХАНЫ "ИХ ЭВСЭЛ"-ИЙН ЦААНА

 

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбаттай эвсэж сонгуульд оролцохоор ярилцсан М.Энхсайхан илүү том санаа тээж яваагаа бусдадаа дайгаад удаж байна. Тэр нь ирэх сонгуульд "Их эвсэл”-ийг байгуулан оролцох. ИЗНН-ыг эгнээндээ нэгтгэх АН-ын санал, МАХН-тай хамтрах сэдэл бүхий МАН-ын хүслийн хажууд М.Энхсайханы өгсөн чимээ жижигхэн санагдаж болох ч "Их эвсэл” байгуулах нь ирэх сонгуулийн прогнозод нөлөөлж мэдэхүйц л хувилбар. Яг л М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын хослолоос бий болсон МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д 11 суудал авч анх удаа гуравдагч хүчний орон зайг гаргаж ирсэн шиг. Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй 24 нам Монголд үйл ажиллагаа явуулж байна.

 

Үүнээс АН, МАН-ыг эс тооцвол бусад нь жижиг статустай. Энд МАХН-ыг дурдаж болох ч Н.Энхбаяр гэсэн ганцхан үнэт зүйлтэй олохоор АН, МАН-ын араас оруулах нь зарим талаараа учир дутагдалтай. "Буян”-гийн Б.Жаргалсайханы БНН, "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон зэрэг намууд ч ялгаагүй. Сонгууль дөхөхөөр сэрж, бусад үед нь унтаа байдалд шилждэг болохоор олон нийтийн ой тоонд төдийлөн орж чаддаггүй. Гагцхүү "Их эвсэл” байгуулах М.Энхсайханы хүсэл тэднийг нэгэн дээвэр дор нэгтгэж чадах уу гэдэг нь өөрөө сонирхолтой сэдэв юм.

 

Хоёр намын даргын үзэл бодлын зөрчлөөр ирэх сонгуульд эвсэж оролцох нь эргэлзээ төрүүлэх болсон "Шударга ёс” эвсэл хийгээд М.Энхсайхан, Н.Энхбаяр нар дахин хорших бус бусадтай хамтрах хүсэлтэй буйгаа хаа хаанаа илэрхийлж эхэлсэн.

 

МАХН-ын даргын хувьд Монголын Ногоон намтай хамтарч ажиллах гэрээгээ сунгасан бол МАН руу гүйдэлтэй явсан М.Энхсайхан "Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай учир ургуулах болсон нь мэдээж шалтгаантай. МАН-тай хамтарч сонгуульд оролцох сонирхол аль алинд нь бий ч ямар болзлоор эвсэхээ хараахан тохирч чадахгүй байгаа болохоор хэн хэн нь харзнаж байгаа хэрэг. Хэрвээ тэдний зүгээс тавих болзлыг МАН-ынхан нааштайгаар хүлээж авбал хамтарч ажиллах гэрээ үзэглэх нь өнөө маргаашийн л асуудал юм. Гэхдээ М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр дахин нэг малгайн дор орж, нэг тогооноос "хоол идэх” эсэхийг хэлж мэдэхгүй.
2
АН, МАН-ын хувьд ирэх сонгуульд ганцхан зорилготой оролцоно. Тэр нь ялах. Гагцхүү энэ зорилгоо биелүүлэхэд тодорхой хэмжээгээр хамтрагч хэрэгтэй учир АН-ынхан ИЗНН, МҮАН-ьгг эгнээндээ нэгтгэх саналыг тавьж, МАН-ынхан МАХН-тай эвсэж сонгуульд оролцох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гэхдээ МҮАН тэргүүтэй М.Энхсайхан АН-тай нэгдэх бус хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Араас нь эвсэж сонгуульд оролцох саналыг ИЗНН-д давхар дайсан нь АН-д гэнэтийн цохилт болов. Харин парламентад хоёр төлөөлөлтэй ИЗНН-ынхан энэ сарын 18-нд товлосон Их хурлаараа АН-д нэгдэх эсвэл МҮАН-тай эвсэх эсэхээ эцэслэхээр болоод буй.

 

Хоёулаа АН-аас тасарч гарсан угшил нэгтэй намууд ч удирдлагын төвшинд үзэл бодлын зөрчилтэй явдаг нь тэднийг нэгдэхгүй гэж харж болох шалтгаан. Ялангуяа Тавантолгой тойрсон зөрчил нь АН-ын дарга З.Энхболд, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарыг зааглаж, голын хоёр эрэг дээр хэдийнэ гаргасан. МАН-ын хувьд ч ялгаагүй юм. Ирэх сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялах тэдний хүслийг биелүүлэх хүн Н.Энхбаяр буюу МАХН болчихоод байгаа. Гагцхүү Н.Энхбаяр МАН-д өндөр болзол, шаардлагыг тулгаж буй учраас л өнөөдрийг хүртэл тоймтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа хэрэг. Тэгэхээр ууган болон удаахь хоёр нам болон Н.Энхбаярыг харзналгүйгээр түрүүлж хөдлөх шаардлага М.Энхсайханд тулгарсан нь "Их эвсэл” байгуулах сэдэл байсан байж болох.
3
АН-д нэгдэхгүйгээ илэрхийлсэн М.Энхсайхан МАН-тай хамтрахгүйгээр эвсэл нь хэн орох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ядаж 2012 оны сонгуульд "Шударга ёс” эвслийн үзүүлсэн амжилтыг давтах бүр ахиулах хэмжээний эвслийг бий болгох нь М.Энхсайханд чухал. Үүгээр хөөж үзвэл түүнд хэд хэдэн хувилбар байна. Хамгийн түрүүнд "Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хийгээд Эх орон нам түүнтэй нэгдэнэ. Тэдэнтэй "Буян”-гийн Б.Жаргалсайхан тэргүүтэй БНН, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын Хамуг монгол, хөдөлмөрийн нам тэгээд ИЗНН ч нэгдэх боломжтой.

 

Хэдийгээр жижиг намууд өөр хоорондоо нэгдэж сонгуульд оролцох нь АН, МАН-ын саналд сөрөг нөлөө үзүүлж чадахгүй ч сонгогчид гуравдагч хүчний орон зайг хүсэх болсон нь үнэн юм бол М.Энхсайхан нарт боломж гарч ирнэ. Ард түмний дунд арай гайгүй нэр хүндтэй явсан ч нам доторх хагаралаас үүдэж өнгөрсөн хугацаанд бий болгосон карьертаа сөрөг оноо авах болсон "Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд тэргүүтэй ХҮН-ынхан ч М.Энхсайханы эвсэлд хүч нэмж болох л хувилбар.

 

АН доторх зодоон даймжрах тусам МАН төдийгүй бусдад боломж гарч ирж байгаа. Магадгүй сонгуулиас өмнө энэхүү зодооноо нэг мөр болгохгүй бол дахин олуулаа, бүр олонх болох зорилготой АН-ын амбийц талаар болно. Энэ нь МАН-д ашигтайгаар эргэж болох ч гуравдагч хүчин дахин мэндлэх магадлал нь өндөр байж болох. Сонгогчдын намуудад итгэх итгэл өдрөөс өдөрт алдуурахын хэрээр шинэ хүчний орон зайг үгүйлэх болсон. С.Ганбаатараар удирдуулсан ХҮН-ынхан тэрхүү орон зайг нөхөхөө илэрхийлж байсан ч нам доторх хагарал нь тэдний энэ зорилгыг туших шалтгаан болоод буй.

 

Харин АН, МАН-аас илүүтэй гуравдагч хүчний орон зай бийг олж харсан М.Энхсайхан сонгуулиас өмнө "Их эвсап”-ийг байгуулахаар хичээж явна. Н.Энхбаяртай эвсэх замаар АН-тай хамтарч засаглах эрхтэй болсон М.Энхсайханы энэ удаад илүү том зорилго тавьж яваа нь энэ байж болох.

 

М.Энхсайханы хувьд эвсэл байгуулах нь шинэ нэршил биш. 1996 онд "Ардчилсан холбоо” эвслийнхэн 50 суудал авч ялалт байгуулахад М.Энхсайхан ерөнхий менежерээр нь ажилласан байдаг. Үүнийх нь шанд түүнийг АН-ын анхны Ерөнхий сайдаар томилж байв. 2000 онд АН УИХ-д ганцхан суудал үлдэж 2004 онд Б.Эрдэнэбаттай эвссэн АН, Эх орон намын "Эх орон-Ардчилал” эвслийг эх барьсан нь хүн нь мөн М.Энхсайхан. Хамгийн сүүлд Н.Энхбаяртай хамтран "Шударга ёс” эвслийг байгуулсан нь парламентад гуравдагч хүчин анх удаа гарч ирэх шалтгаан болсон билээ. Харин энэ удаад хуучны танил "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хамт "Эх орон, Ардчилал, Шударга ёс” эвслийг байгуулахаар хөдөлж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд байгуудж ирсэн эвслээс нь харвал М.Энхсайхан алдаагүй харин хожжээ. 


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.