АНУ 13 тэрбум доллараар супер тээвэрлэгч бүтээж байна
Түүхэнд хамгийн өндөр өртгөөр буюу 12.9 тэрбум ам.долларын өртгөөр босч буй ЮСС Жералд Р.Форд тээвэрлэгч усан онгоцыг ирэх есдүгээр сард АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод ашиглаж эхэлнэ гэдэг мэдээллийг холбогдох албаных нь хүмүүс өглөө. Тэнгисийн цэргийн Худалдан авах газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Шон Ж.Стекли 100 тонн жинтэй, 340 орчим метр урттай супер далайд тээвэрлэгч усан онгоцыг Сенатын Зэвсэгт хүчний хороогоор зөвшөөрүүлэх хүсэлтээ ирэх долоо хоногийн лхагва гарагт гаргахаар төлөвлөж буй талаар ярьжээ.
Мөн түүний мэдээлснээр 2009 оноос хойш барьж эхэлсэн ЮСС Жералд Р.Форд усан тээвэрлэгчийн ажлын явц өнгөрсөн гуравдугаар сард 97 хувьтэй байсан аж. Овор хэмжээ, хүчин чадлын хувьд юуг ч араасаа дагуулахгүй 13 тэрбум ам.долларын өртөгтэй далайд тээвэрлэгч усан онгоцны туршилтыг ирэх долоодугаар сард эхлүүлж, хоёр сарын дараа Ньюпортын усан онгоцны буудалд хүргэх гэнэ. Онгоцыг 2006 онд нас барсан, АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэсэн байна. Учир нь Жералд Р.Форд дэлхийн хоёрдугаар дайны үед ЮСС Монтерей усан онгоцонд алба хааж, ахлах дэслэгч цолтой халагдаж байсан юм. Фордын дараагийн далайд тээвэрлэгч нь ЮСС Жон Ф.Кеннеди байх бөгөөд 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар уг усан онгоцыг барих ажлын явц 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Харин түүний өмнө Форд цувралын гурав дахь усан онгоц ЮСС Интерпрайзыг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн флот ирэх таван жилийн хугацаанд 38 усан онгоц ашиглалтад оруулахаар төлөвлөж, түүнд шаардлагатай 81.3 тэрбум ам.долларыг улсын төсвөөс гаргуулах хүсэлтээ Конгресст өргөн барихаар зэхэж байгаа гэж ноён Стекли мэдээллээ.
С.Дамдин