Маргааш Сирид парламентын сонгууль зохион байгуулагдана

820

Маргааш Сирид парламентын сонгууль зохион байгуулагдана

 

Сирийн засгийн газрын хяналтад байгаа бүс нутгуудад маргааш парламентын сонгууль зохион байгуулагдах гэж байна. Энэ сонгуулийг Сирийн ерөнхийлөгч Башар Асадын намд л ашигтай үйл явдал хэмээн зарим улс орон, мөн Сирийн сөрөг хүчний босогчид шүүмжилж байгаа юм. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 12 мянган нэр дэвшигч бүгд Башар Асадын талыг баримтлагчид байгаа юм байна.

Үүнээс гадна Сирийн босогчид болон Исламын улс бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутгуудад сонгуулийн санал хураалт явагдахгүй юм. Сирийн нийслэл Дамаск хотын иргэд сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тэд өөрсдийгөө төлөөлөх улс төрчдийг Сирийн иргэд гадаад улс орнуудын оролцоогүйгээр бие даан сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Мөн маргааш болох парламентын сонгууль албан бус шинжтэй учраас санал өгөх хүсэлгүй иргэд заавал оролцох шаардлагагүй юм байна. Гэхдээ өөрсдийгөө төлөөлөх улс төрчдийг сонгох сонгуулийн санал хураалтад оролцох нь иргэн бүрийн үүрэг гэж үзэж байгаагаа Дамаск хотын иргэд илэрхийлж байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн сард завсарласан Сирид энх тайван тогтоох хэлэлцээ Швейцарийн Женев хотноо маргааш үргэлжлэх гэж байна. Сирийн засгийн газар ямар нэг урьдчилсан нөхцөл тавилгүйгээр  энэ удаагийн яриа хэлэлцээнд оролцоно гэдгийг тус улсын гадаад хэргийн сайд мэдэгдээд байгаа юм. Яриа хэлэлцээний энэ үе шатанд Сирийн засгийн газар болон сөрөг хүчний босогчдын төлөөлөл шинэ үндсэн хууль боловсруулах талаар голлон хэлэлцэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>