АСЕМ ба ТҮЦ

621
АСЕМ ба ТҮЦ
Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж, Өмчийн газрын харилцааны албандаа үүрэг даалгавар өгснөөр гол замын дагуу байрлах гутал засвар, хоолны газар, ТҮЦ-ийг нүүлгэхээр болжээ.
 
Эдгээр бичил үйлчилгээний газрын эздэд нэн даруй нүүх, үйл ажиллагааг нь наймдугаар сарын 15-ныг хүртэл зогсоох тухай албан шаардлага хүргүүлсэн байна. Засгийн шийдвэртэй арсалдсан зарим нэгийг нь албадан нүүлгэж ч эхэлсэн бололтой. Үүнийгээ АСЕМ-ын чуулга уулзалттай холбон тайлбарлаж байгаа нь хачирхалтай. Дээрх бичил бизнесийг эрхэлж байгаа иргэдийн олонх зээлтэй, түүний дотор ТҮЦ ажиллуулдаг иргэд ихэвчлэн бараагаа зээлээр авч, өдрийн орлогоосоо төлж байдгийг мэдэх юм.
 
Гэтэл өөрсдийн боломж бололцоо, уйгагүй хөдөлмөрөөрөө амьдралаа болгож яваа тэднийг төр, засгаас дэмжиж тусалдаггүй, арилжааны банкууд нь зээл олгохдоо хойрго ханддаг мөртлөө амьжиргааны гол эх үүсвэрийг нь хааж байгаад иргэд бухимдалтай байна. Зөвхөн өнгөрсөн онд 18.6 мянга гаруй хүн ажлын байраа алдаж, ажилгүйдлийн тэтгэмжид 22.4 тэрбум төгрөг зарцуулсан тухай Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлэл гарсан.
 
Харин "Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ажилгүйдлийн тэтгэмж олгодоггүй. Тэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй юм чинь” гэж тооцсон бол дэндүү гоомой, харгис бодпого гэхэд ч багадна. Энэ хүмүүсийн цаана өчнөөн үр хүүхдийн амь, амьдрал байгаагбодолцохучиртай. Тиймээс тэдний ажлын байрыг хэвээр үлдээж, харин ч жижиг том гэлтгүй бүх үйлчилгээний газрын үүд хаалга нээлттэй, түм түжигнэж, бум бужигнаж байвал төр, засаг нь иргэдээ дэмждэг юм байна, амьдрал буцалж байна гэж харагдах бус уу.
 
Хамгийн сонирхолтой нь, Баянбүрдийн автобусны буудлаас Зуун айл, Сансар хүртэлх замын дагуух ТҮЦ-үүдийг ч нүүлгэх мэдэгдэл өгсөн. АСЕМ-ын төлөөлөгч өндөр дээд албаныхан, өдрийнхөө шахуу хуваарьт баригдаж ажиллах хэвлэлийнхэн "Жоби” худалдааны төв, "Да хүрээ” захаар орж барилгын материал, хуучин авто машин сонирхох уу. Үүний цаана харин төрийн албан хаагчдын өөр сонирхол байгаа юм биш биз. Дээр дурдсан газрууд нь хот дотроо бас л "стратегийн ач холбогдол”-той нутаг дэвсгэр шүү дээ.
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>