С.Баяр хэний барьцаанд байна вэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга АТГ-ыг Монгол дахь авлигын сүлжээг таслан зогсоох биш өөрөө сүлжээний нэг хэсэг болсон гэж шүүмжилсэн бөгөөд Ерөнхий сайд асан С.Баярын Америкт эзэмшдэг олон тэрбум үнэтэй хауснуудын талаар дахин асуулаа. Учир нь уг хэрэг АТГ-ын түвшинд очоод хэрэгсэхгүй болсон билээ.
Энэ талаар АТГ-ын даргаас бууж буй Н.Ганболд хэлэхдээ, "С.Баяртай холбоотой асуудлыг шууд энд задлаад ярихад хэцүү байна л даа. Тэнд өмч хөрөнгийн эзэн хэн бэ гэвэл тодорхой хүмүүсийн нэр устай, тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орчихсон байгаа. Ил юм билээ. Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин "Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно” хэмээн хэллээ.
Ямар ч байсан АТГ-ын дарга Н.Ганболд ийнхүү ажлаа өглөө. Түүнийг АТГ-ын даргын бохир ажлаас залхсандаа ажлаа өгч байгаа гэх яриа ойрын өдрүүдэд газар аваад байсан юм. Н.Ганболдын ярьснаас дүгнэхэд С.Баярын хэргийг хэн нэгэн барьцаалчихсан байгаа бололтой. Улмаар хэргийн илрүүлэлтэд нөлөөлсөн нь тодорхой байна.
Т.Бэх