Жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн томоохон заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тус хуралдаан багагүй хугацаанд, талуудын маргаан дунд үргэлжилж жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд намын жагсаалт гэсэн хэсгийг хасч гишүүд жагсаалтаар сонгогдох боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл жагсаалтын ард нуугдаж "оймс”-нд хавчуулагдан УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломжгүй, УИХ-ын 76 гишүүнийг ард иргэдийн саналаар сонгох болж буй юм. Энэхүү асуудлыг хэлэлцэх явцад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа багагүй эсэргүүцсэн байна.
Өнөөдрийн хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэхэд иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Энэхүү гомдлыг цэцийн гишүүд хэлэлцээд парламентын ээлжит сонгуулийн 28-ын жагсаалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Энэхүү асуудлаар цэцийн гишүүнд багагүй хугацаанд хэлэлцэж дээрх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Ямартай ч Үндсэн хуулийн цэцээс жагсаалтыг Үндсэн хуулийг зөрчсөн гэж ийнхүү үзлээ. Одоо УИХ-аас цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх асуудал яригдаж хэрэв дээрх шийдвэрийг хүлээн авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох юм. Мөн хуудуутай шийдвэр гэж УИХ-ын гишүүд үзвэл Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.
Д.ЖАРГАЛ