Ерөнхий сайдын эзгүйд “Төрийн эргэлт” хийх оролдлого бүтэлгүйтэв

1215
Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт эх орны баруун хязгаар Баян-Өлгий, Увс, Ховд аймагт томилолтоор ажиллав. Тэрбээр пүрэв гарагийн өглөө Улаанбаатараас нисэхээс өмнө Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаад, Шадар сайд Ц.Оюунбаатарыг удирдан явуулахыг даалгасан байна. Хуралдаанаар Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлах гэсэн ганц асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Р.Бурмаа сайд шуурхай шийдвэрлэх шаардлага бий гэж шахсан тул ээлжит бус хуралдаан зарласан нь энэ. Энэхүү тогтоолоо ч удаж төдөлгүй баталсан боловч төлөвлөөгүй асуудлыг хэлэлцүүлэх гэсэн зарим сайдын горимын санал бөөн маргаан дэгдээжээ.

Ээлжит бус хуралдаанаар ганц асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байтал ЦЕГ-ын дарга Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хэлэлцэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав шахаж, Р.Бурмаа, Л.Пүрэвсүрэн зэрэг зарим сайд дэмжсэн утгатай үг хэлцгээжээ. Ерөнхий сайдын эзгүйд ЦЕГ-ын даргын асуудлыг ярих нь зохимжгүй, бас дээрээс нь хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг Шадар сайд Ц.Оюунбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар анхааруулсан байна. Энэ үеэр Засгийн газрын гишүүд хоёр талцан нэлээд маргалдаж, хуралдаан удирдаж байсан Ц.Оюунбаатар сайдаас алхыг нь булаах гэж оролдсон байгаа юм. Эцэст нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхэд байдаг ЦЕГ-ын даргын асуудлыг Ерөнхий сайдыг өөрийг нь байхад ярих ёстой гэснээр ээлжит бус хуралдаан өндөрлөжээ. 

Ерөнхий сайдыг орон нутаг руу нисэж амжаагүй шахам байхад ЦЕГ-ын даргын асуудлыг гэнэт оруулж ирээд огцруулах шийдвэр гаргуулах гэсэн энэ оролдлогыг улстөрчид бяцхан "Төрийн эргэлт” хэмээн нэрлэж байна. 

Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг гэдгийг улс төр сонирхоод байдаггүй жирийн хүн ч гадарлана. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын танхим ЦЕГ-ын даргыг халах солих тал дээр нэгдмэл биш байгаа нь пүрэв гарагт болсон энэ үйл явдал харууллаа. 

Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдах гэсэн энэ үйлдлийг чимээгүй дараад өнгөрөх үү, хатуухан хариуцлага тооцох уу гэдэг нь энэ долоо хоногт тодорхой болох байх.

 
time.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>