“Херо”-гийн мэнгэ нь голлов уу, зэс нь цухуйв уу?

Монголд хамгийн алдар цуутай, бас үнэтэй студи "Херо интертэйнмент” байлаа. "Байлаа” гэсний учрыг уншигчид бараг гадарлаж байгаа. "Херо” студид итгэж ярилцлага өгсөн Н.Энхбаярын дүрс алдагдаж улс төрд багагүй оноо алдлаа. Н.Энхбаярын эхнэр архичин, согтуу гэх нэр ч зүүлээ. Алдагдсан дүрсийн хар гайгаар "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужингийн ажил хэрэг, хувийн амьдралын нэр хүнд шалдаа буутал унаж, улс төрийн карьерт нь цэг хатгалаа. Ингээд зогссонгүй "Херо”-гийн босс Баатар гэр бүлээ орхин байж хайрлан дурласан Анужингаа ил далд хэвлэлээр муучилж эхэлсэн гэдэг нь бараг л илэрхий болов. Сахал самбай болсон баахан эрчүүд нэвтрүүлгийн нэр булаацалдаж, өрх толгойлсон нэг хүүхнийг ёстой бялба нүдэж байна даа, ойрын өдрүүдэд. Муу эр эмийн дээр гэдгийн жишээ энэ л байх.
Гэтэл дайрин дээр давс гэдэг шиг "Херо”-гийн редактор Батзориг гэх хүн саяхан хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ "Жүжигчин Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студид хийсэн” гэж мэдэгдэв. Урьсан зочныхоо хамаг нууц бичлэгийг ил болгочихдог, захиалсан ажлынхаа эзнийг олон нийтэд шууд цацчихдаг "Херо” студид итгэхэд тун ч бэрх боллоо. Хэрвээ АН-ыг будаа болгосон Амараагийн бичлэгийг МАН захиалсан нь үнэн бол захиалагчаа илчилсэн "Херо” шинэ цагийн "Түгжил” болж таарлаа. Хэрвээ МАН захиалаагүй бол "Херо” далан худалч болж үлдэх нь. Яаж ч бодсон, ямар ч замаар явсан "Херо” буруудаад болдоггүй ээ. Цагтаа цалгиж, нийгмийн сэтгэлзүйг хуйлруулж явсан "Херо”-гийн мэнгэ нь голлов уу, зэс нь цухуйв уу гэдгийг цаг хугацаа тун удахгүй харуулах болов уу?
Г.Цэцэгдарь
Breakingnews.mn