Д.ТЭРБИШДАГВА, Ч.УЛААН НАР МАН-Д ЭЛССЭНЭЭР "ШУДАРГА ЁС" ЭВСЭЛ ЗАДРАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өнөөдөр УИХ дахь "Шударга ёс” эвслээсээ гарч байгаагаа мэдэгдлээ. Тэд хоёулаа МАХН-ын Нарийн бичгийн даргын сонгуультай байсан юм.
Д.Тэрбишдагва гишүүн хэлэхдээ "Хоёр нам сонгуульд хамтарч орох талаар ажлын хэсэг байгуулсан. Манай Ч.Улаан гишүүн тэр ажлын хэсгийг маш сайн ахалж ажилласан. Ийм нааштай үр дүн гарч байхад МАХН, МАН хоёр сонгуульд эвсч орж чадахгүй болсон нь намаасаа гарах нэг том үндэслэл боллоо. МАХН бол МАН-ын үсэрсэн цус, тасарсан мах. Энэ утгаараа бид хоёр намаа цаашдаа ч хамтран ажиллуулах, нэг нам болгохын төлөө ажиллах болно” гэсэн юм.
Харин Ч.Улаан гишүүн"Бид хоёрын хувьд бие даагаад улстөрийн шийдвэр гаргах, сонголтоо хийчих хэмжээний улстөрчид. Улмаар өөрсдийнхөө итгэл үнэмшил, намынхаа дүрмийн дагуу энэ асуудлыг тавьж байгаа. Хэлэх үг, хийх ажлаа хэн нэг хүнээр заалгах улстөрчид биш гэдгийг та бүхэн эрхбиш болгооно биз ээ” гэлээ.
"Хоёр гишүүн нь гарчихаар "Шударга ёс” эвсэл задрана. Улмаар Засгийн газар ч огцрох асуудал үүсч болзошгүй. Сонгууль дөхөж байхад улстөрийн тогтвортой байдал үүсгэх нь хэр зөв бэ?” гэсэн асуултад Ч.Улаан "Биднийг бүлгээс гарснаар засаг задрахгүй байх бололцоо бий гэж үзэж байна" гэж хариулсан юм. Улмаар "МАН-д элсэхийн тулд эхлээд өөрсдийн хүсэлтээ гаргаж, бичгээр анхан шатны байгууллагад хандана. Намын дүрэм журмын дагуу бүх асуудал шийдэгдэнэ” хэмээн ёстой л шийдсэн хүний өнгөөр хариулсан.
Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрын хувьд 2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр МАН-аас гарч МАХН-нд элсч байлаа. МАХН-ын төв байранд ахмад голцуу хэдэн гишүүд нь тэднийг хадаг, мөнгөн аягатай сүүний хамт баярын нулимстай нүдээр талархан хүлээн авч байсан юм.
Ч.Улаан жагсаалтын нэгдүгээрт бичигдэж УИХ-ын гишүүн болж байсан бол Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгтээ "Шударга ёс" эвслийн нэр дээр дэвшиж ялалт байгуулсан. Улмаар нэг нь Шадар сайд, нөгөө нь Сангийн сайдаар томилогдож билээ.
Ердөө дөрөвхөн жилийн өмнө МАН-тайгаа үзэл бодлоор зөрөлдөж, адлагдах хэмжээнд хүрч байсан улстөрчид маань эргэж буцлаа. Магадгүй МАН-ын хөөсөн, гомдоосон гишүүддээ ээлтэй хандах бодлогын үр дүн биз ээ.