Ц.САНДУЙН БАГ буюу ОФФШОР ДАНС

872

Ц.САНДУЙН БАГ буюу ОФФШОР ДАНС

 

Танигдаагүй нэрсийн ард хэн нуугдаж байна вэ?

Оффшор данс нь илэрсэн 49 хүний тухай дуулиан Монголыг шуугиулж байна. Эдгээр нэрсийн дотор олон нийтийн таних нэр цөөн сонстож байгаа юм. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дуулдаж байсан ч тэд оффшор данс эзэмшдэггүй болохоо хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр ийм данстай гэдгээ ил тод хүлээн зөвшөөрч, гагцхүү тэр дансанд одоогоор ямар ч мөнгө байхгүй гэдгийг хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн нэр мөн тэнд байсан учир өөрийн тайлбарыг өгсөн. Тэрээр "Энэ яригдаад байгаа оффшор компанийн данс 2013 онд хаагдсан. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулах гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Оффшор бүсэд компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улстөрч хүн данс нээвэл хардагдах л байх. Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг дахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр тэс өөр ойлголт шүү” гэх тайлбарыг хэлжээ.

 

Энэ мэтээр оффшортой нэр холбогдсон хүмүүс өөр өөрийн тайлбарыг өгч байна. Харин багны цаана үлдэж хоцорч буй "асуудалтай” нөхдүүдийн талаар хэн ч одоогоор хөндөхгүй байна. Асуудалтай нөхөд гэж хэнийг хэлэв гэвэл, бизнес эрхэлдэггүй, төрийн албан тушаал хашдаг атлаа мөнгө хөрөнгө хуримтлуулж, түүнийгээ ах дүү, эхнэр хүүхдийнхээ нэр дээр гадаадад байршуулсан улстөрчдийг нэрлэж байгаа юм. Тэдэнд мөнгөө нуух ганцхан шалтгаан бий. Тэр нь хууль бус орлого байх талтай. Ингэхдээ өөрийн нэр дээр бус, ойр дотны өөр хүний нэрийг ашиглаж, дансаа нээдэг юм байна. Тиймээс дээр нэр дурдагдсан эрхмүүдээс бусад олны танихгүй байгаа нэрс бол цаанаа эзэнтэй, жинхэнэ эзэн холбогдогч нь улстөрчид байх хамгийн магадлалтай хүмүүс гэсэн үт.

 

Ганцхан жишээ хэлэхэд, нууц данстай нь илэрсэн 49 хүний дотор Цэндсүрэнгийн Сэргэлэн гэх хүний нэр гарч ирсэн. Хөөгөөд үзтэл, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү байж таарах жишээтэй. Ц.Сэргэлэн нь Виржиний арлуудад бүртгэлтэй "Joy Key Development Limited" компанид хувьцаа эзэмшиж байсан талаар мэдээлэгджээ. Өөрөөр хэлбэл, баталгаатай биш ч гэсэн Ц.Сандуй өөрийн хөрөнгийг дүүгийнхээ нэр дээр бүртгүүлэн оффшорт данс нээсэн байх магадлалтай болж таарч байна. Гэтэл Ц.Сандуйг бизнес эрхэлдэг гэхээсээ илүү улстөрч хүн гэдгээр нь олон нийт мэддэг. Хэрэв дүүгийнх нь данс үнэн хэрэгтээ Ц.Сандуйгийнх бол тэр оффшор бүсэд байршуулах хэмжээний орлогыг хэрхэн бий болгосон байж болох вэ гэдэг асуулт гарна. Энэ мэт сэжүүрийг мөшгиж хөвөрдвөл ил зарлагдсан нэрсийн цаадахь эзнийг тогтоогоод зогсохгүй, оффшор бүсэд байршсан мөнгөний уг гарвалийг олж мэдэж ч болох юм. Ц.Сандуйд дүүгийнхээ нэрний ард орж нуугдах шаардлага байсан уу гэсэн асуултад тэр өөрөө хариулах байх. Үнэхээр тэгж нээсэн бол тэр өөртөө баг зүүжээ. Баг нь түүний төрсөн дүүгийн нэр.

 

Тиймээс орлогоо татвараас зугтуулан гадаад руу илгээж тансаглаж суудаг улстөрчдийн багийг хуулах шаардлага бий боллоо. Тэдгээр танигдаагүй нэрсийн ард чухам хэн хэн нуугдаж байна вэ.

 

Д.ИРЭЭДҮЙ /АРДЫН ЭРХ/

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>