Б.Чулуудайн тарьсан балаг “Баатар” аавынхаа карьерыг дуусгачихлаа

345

Б.Чулуудайн тарьсан балаг “Баатар” аавынхаа карьерыг дуусгачихлааГадны эрэн сурвалжлах сэтгүүлчдын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд арлын орнуудад нууцлан, хадгалсан маш олон хүний далд хөрөнгө ил болж, дэлхийд шуугиан дэгдээгээд буй. Оффшор хэмээн нэрлэгддэг энэхүү нууцлагдмал дансны асуудал Монголыг ч тойрсонгүйгээр барахгүй давхардсан тоогоор 49 хүн энэ бүсэд данс нээлгэсэн нь илэрлээ. 
Мэдээж энэ эрхмүүд Монголын улстөр, нийгэмд дээгүүр байр суурь эзлэж буй нь хамгийн том асуудал болоод буй юм. 

Учир нь оффшор дансыг ихэвчлэн хууль бус аргаар олсон болон татвараас зайлсхийх гэсэн мөнгөө хадгалах үүднээс нээлгэдэг гэдгийг өнөөдөр олон мянган баримтуудаар гадныхан дэлгээд харуулчихсан билээ.

Тиймдээ ч "Panama Papers"-аас илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь хариуцлага тооцох, шалгах тухайгаа албан ёсоор мэдэгдээд эхэлчихлээ.

 Харин Монгол Улсын хуулийн байгууллагууд оффшор данстай холбоотой асуудлаар шалгах эсэх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүйгээр барахгүй өчигдөр оройноос эхлэн зарим мэдээллийн хэрэгслүүдээр оффшор данс бол тийм ч сүртэй асуудал биш мэтээр  нийгэмд тайлбарлахыг оролдож буй. 
Тиймээс үүнийг  хаашаа ч зугтах аргагүйгээр илчлэгдсэн эрхмүүдийн муу муухайгаа далдлах гэж хийлгэж буй захиалгат үйл ажиллагаа гэж хардахад хүргээд байгаа билээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, С.Баярцогт,  УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Сангийн сайд асан Я.Очирсүх нарын улстөрчдөөс гадна "Петровис”-ын Ж.Оюунгэрэл, "Болд төмөр ерөө гол"-ын Б.Дэлгэрсайхан нар оффшор бүсэд данс нээлгэсэн болох нь тодорсон.

Үүгээр ч барахгүй Монгол Улсын хүн амын дийлэнх нь амьдарч буй нийслэл хотыг удирдаж байгаа Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, Сү.Батболдын ах, Ерөнхий сайд асан С.Баярын хоёр охин гэх мэт манай томчуудын ах дүү, үр хүүхдүүдийг ч оффшор дансны дуулиан дайраад гарлаа. 
Ялангуяа Монгол Улсын Баатар хүний хүүхэд ийм ёс жудаггүй үйлдэл гаргасан нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж, аавыг нь ёс зүйтэйгээр огцрохыг шаардах мессэжийг хүртэл нийгэмд өгөөд буй. 

Тиймээс "ичсэн хүн хүн ална” гэгчээр Б.Чулуудай тарьсан балгийнхаа талаар хэвлэл мэдээлэл болгонд нэг ижил зураг, тайлбарыг гаргаж, өөрийгөө "уснаас хуурай гаргахаар” оролдож эхэлсэн. Мөн нийслэлийн Ардчилсан намын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ зөвхөн Чулуудайг "аврах" ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж эхэллээ. Гэвч хаашаа ч зайлахгүйгээр оффшор данстай хэмээн цагаан дээр хараар бичсэн түүний овог, нэр ингэлээ гээд арилчихгүй нь мэдээж. 

Хэдийгээр оффшор дансны талаар манай зохицуулах хууль тогтоомж одоохондоо байхгүй ч АТГ-т мэдүүлэх ХОМ-ийн маягтын 3.2.6-д байгаа Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл хэсэгт "Энэ хэсэгт гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, зартын үлдэгдлийг мэдүүлнэ” гэсэн тэмдэглээ хийсэн нь төрийн албан хаагчид хэрвээ оффшорт данстай бол тайлагнана гэсэн үг юм. 

Тиймээс үүнийг заавал хууль хянаүлтын байгууллага нарийвчлан шалгаж, өнөөдөр оффшор бүсэд данстай болох нь тогтоогдсон эрхэмүүдийн ярьсан үг үнэн, худлыг тогтоох зайлшгүй шаардлагатай юм. 

 

mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.