|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:22

Офшор ба Оюутолгойн гэрээ С.Баяраар зогсохгүй МАН-ыг харлуулах вий

Офшор ба Оюутолгойн гэрээ С.Баяраар зогсохгүй МАН-ыг харлуулах вий

 

С.Баяр дөрвөн жил эх орондоо үзэгдэлгүй гадаадад амьдарсны эцэст эх орондоо иржээ. Гэхдээ тэр зүгээр ч нэг ирээгүй, МАН-ыг 2016 оны сонгуульд удирдахаар болж өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд өрөөгөө төвхөнүүлсэн сурагтай. Гэхдээ энэ сонголт нь МАН-ыг харлуулсан үйл явдал болсон гэж үзэх хүн цөөнгүй байна.

Сонгуульд манлайлан оролцох С.Баяр өдгөө офшорын хар шуурганд өртөөд байгаа. Түүний охин Нандин болон Бадамханд нар офшор данстай болох нь илчлэгдэж сенсацийн эзэд болсныг хэлүүлэлтгүй мэдэх биз. Panama Papers”-ээс алдагдсан 11.5 сая бичиг баримтын дуулианаар түүний охидуудаас гадна АНУ дахь тансаг хаусны асуудал ч дахин сөхөгдөөд байгаа билээ.

Учир нь офшор данс эзэмшигдийн дунд Чойндонгийн Давааням, Самбалхүндэвийн Шагдардулам гэх нэр байх нь өнөөх С.Баярын хаустай холбогдолтой. Ч.Давааням, С.Шагдарсүрэн нар нь 2010 онд АНУ-ын Вашингтон мужид 1.2 сая доллараар байшин худалдаж авч, 2013 онд байшинг "Gundel” ХХК-д бэлэглэжээ. 372 мкв талбайтай, 4 унтлагын өрөөтэй энэ байшинд С.Баяр, Э.Сувд нар амьдарч байсан гэх мэдээлэл бий. Ийнхүү С.Баярын АНУ дахь тансаг хаустай нэр холбогдсон нөхдүүд бүгдээрээ офшор данстай болох нь нотлогдов.

Мэдээж хэрэг офшороос гадна хэрэг хуучирдаггүйн үлгэрээр Оюутолгойн гэрээний асуудал ч С.Баярын хамгийн том "хар толбо!”. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн саяхны нэгэн ярилцлагадаа "Оюутолгойн цэвэр орлогын 76 хувь нь Монголын талд үлдэнэ, би Ерөнхий сайдын хувьд толгойгоороо хариуцна гээд Их хурал дээр С.Баяр амлаж байв. Гэтэл одоо Оюутолгой Монголын талд өгч байгаа татвар, нөөцийн төлбөрийг харахад орлогын 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь л манайд орж ирж байгаа. Оюутолгойн гэрээ бол энэ утгаараа их асуудалтай гэрээ болсон. Би энэ гэрээний талаар УИХ-ын их олон гишүүнтэй уулзсан. Үзээгүй, хараагүй гэж байгаа юм. Их хурлынхан тийм чухал гэрээг үзэхгүйгээр батлах ганцхан зам бий. Тэр нь авлига.Авлигын сүлжээнд орсон хүмүүсийн нэр оффшорт холбогддог” хэмээн хэлжээ.

"Гараа сайн бол бариа сайн” гэж үг бий. Намууд тойргууд дээрээ нэр дэвшигчдээ зоогоод сонгуулийн ажлаа ид өрнүүлж эхэлж байхад МАН-ынхан "Тойрог мандатын хуваарилалт шог боллоо” хэмээн уйлж сууна. Дээр нь нэмээд офшор болон Оюутолгойн гэрээтэй холбогдсон хар толбо С.Баяраар зогсохгүй МАН-ын имижид нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь АН, МАН энэ удаад тун ойролцоо суудлаар ялах, ялагдахаа шийдэх сурагтай. Харин энэ үед сонгуулийн штабаа удирдаж буй хүний нэр, намын нэрнээс чангаавал сайн зүйл болохгүй нь тодорхой юм. 

Б.Бат /TIME.MN/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.