Хөгжил, дэвшлийн төлөө шунан шунан зүтгэх Налайхын Амараа
Улстөрчийн хөрөг
Сайнбуянгийн Амарсайхан. Энэ нэр хэдийнэ шинэ цагийн монголчуудад танил болжээ. Зарим нь түүнтэй мөр зэрэгцэхийг, нөгөө зарим нь гаргасан жимээр нь урагшлахыг, үлдсэн нь хүчтэй өрсөлдөгч байхыг хүсэх ажээ. Харин төрж өссөн налайхчууд нь алсыг харж чаддаг, гялалзсан нүдтэй хүүгээрээ бахархаж, Налайх түмний хөгжил цэцэглэлтийн түүчээ хэмээгээд бүхий л итгэл хүслээ даатгаж орхисон юм билээ. Харин тэрбээр хувь хүнийхээ тухайд эгэл жирийн, ёсөн хүүхэдтэй уурхайчин эрийн найм дахь хүүхэд нь. Сурсан мэдсэнээрээ бусдаас цойлж гийгүүлээгүй ч амьдралын ухаантай эцгийнхээхарц, үйл хөдлөлөөрөө хүмүүжүүлсэн хөвгүүдийн нэг нь. Ээлжийн амралтаа эдлэнгээ хөвгүүдээ ажилд сургах гэсэн далдын бодолтой аавдаа, ах нартаа долоохон настайдаа хувинтай хадаас дөхүүлж, дөрвөн ширхэг тоосго тэврээд сургуулийн дээвэр рүү гарч чадсан, ажиллаж хөдөлмөрлөхийн сайхныг бие сэтгэлээрээ анх мэдэрсэн хүү.
Харин өмнө минь "Бизнес эрхлэгчдийг мөнгөө үрж ядахдаа л салбар салбар руу үсчдэг биз хэмээн шүүмжлэх нь бий. Угтаа бизнес эрхэлж байгаа хүн тэс ондоо, мэдэхгүй, туршлага байхгүй салбарт хүч сорих нь хийж бүтээх гэсэн шунал мэт зарим нэгэнд харагдах болов ч тэр хэрээр ашиг гэхээс илүү сэтгэлийн таашаал авч, улсын орны хөгжилд түлхэц болдог. " Оюуны ундраа" компани ч үүнээс гажаагүй. Харин ч тасралтгүй урагш тэмүүлэхийн хэрээр өсч өндийсөн. Гэвч эл амжилтдаа бидний сэтгэл ханаж, хойш суугаагүй. Сэтгэлийн мухарт шинийг сэдэх, хийж бүтээх, нийгэмд, хүмүүст хэрэгтэй зүйл бүтээх шунал ассаар байгаа. Ер нь миний хийж бүтээхийн сэтгэл ханах ч үгүй бололтой. Одоо юунд шунан тэмүүлж байна гээч. Төрөлх Налайх, цаашлаад Нийслэлээ олон улсад тэргүүлэх, хөжингүй хот болгох боломжийг эрэлхийлэн сэтгэл оюунаа чилээж явна" хэмээн алсын мөрөөдлөө хүүрнэж суугаа эрхэм бол дээр өгүүлсэн НИТХ-ын төлөөлөгч С. Амарсайхан бөлгөө. Түүний намтрын хуудсыг эргүүлэх аваас олон зүйлгүй энгийн мэт атлаа дэвэргэн бодолтой залуучуудад үлгэр дуурайл болохуйц. Өөрөөр хэлбэл, амжилт өөрөө ирдэггүй, амжилтад хүрэхийн төлөө хүн өөрөө сэтгэх, зүтгэх, бүтээх ёстойн жишээ бол С.Амарсайхан юм билээ. Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгссөн түүнд дотоодын их, дээд сургуулиудад сурах боломж байсан уу гэвэл байж.