|
Видео

Шинэ мэдээ

Төсөв хөөсрүүлж, тоо өсгөсөн 100 мянган “эзэнгүй” машиныг цэгцлэх үү?

 Төсөв хөөсрүүлж, тоо өсгөсөн 100 мянган “эзэнгүй” машиныг цэгцлэх үү?

Арваад жилийн өмнө манайх шар "ЗИЛ 130” машинаар нүүдэг байлаа. Удалгүй зарж "ГАЗ 53” авсан юм. Саяхныг хүртэл нүүх, хөрзөн татах, отор хийх  зэрэг бүхий л ажлыг нугалдаг байсан том тэрэгнүүд зах зээлийн жамаар аяндаа "тэтгэвэрт” гарч хашаанд хэвтэх болов. Хааяа машины эд анги сурч ирсэн хүмүүс өөрт хэрэгтэйгээ тайлж авч явсаар их бие, чиргүүлний хэдэн тавцан үлджээ.
 
Ганц манайд ч гэлтгүй хот хөдөөгийн айлуудад ийм дүр зураг их бий. Тэгвэл бусдад шилжүүлсэн, сэлбэгэнд явсан эдгээр машинууд одоо болтол таны нэр дээр татвар, техникийн үзлэг оношлогооны хэдэн зуун мянга, сая төгрөгөөр тооцогдох өр үүсгэсээр байгааг та мэдэх үү. Та болон танай байгууллагын нэр дээр 10-20 жилийн өмнө бусдад шилжүүлсэн, сэлбэгэнд өгсөн хэдэн ч автомашины дугаар бүртгэлтэй байж магадгүй нь. Албаны  мэдээллээс харвал улсын хэмжээнд өмчлөгч нь мартсан 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна.  Авто тээврийн үндэсний төвийн  судалгаагаар  сүүлийн 4-5 жил замын хөдөлгөөнд оролцоогүй, татвараа төлж техникийн үзлэгт хамрагдаагүй 156 мянган тээврийн хэрэгсэл байгаа юм. Үүнээс техникийн хяналтын үзлэгт ороогүй  125 мянга орчим, татвар төлөөгүй  95750 автомашин буй.
 
Тухайлбал, эзэнгүй машин дунд "УАЗ 16740”, "ЗИЛ 11700”, "ГАЗ 10100”, "Москвич 2300”, "МАЗ 770”, "Краз 650” бий. Энэ тоон дээр хилээр гараад хугацаандаа буцаж орж ирээгүй 9500 тээврийн хэрэгсэл нэмэгдэнэ. Хэрэв таны нэр дээр сүүлийн дөрвөөс дээш жил хадгалагдаж байгаа "ГАЗ 53” машин байгаа бол жилд 80-аад мянган төгрөгний татвар төлдөг гэхээр хамгийн багадаа 400 гаруй мянган төгрөгийн татварын өр үүснэ. Гэхдээ машины хөдөлгүүрийн багтаамж зориулалтаас хамаарч янз бүр байна.
 
Тэгэхээр улсын хэм­жээнд тоологдсон 80 мян­ган тээврийн хэрэгслийн 100 гаруй мянга нь татвар төлж, оношлогоонд хамраг­дахгүй байгаа учраас манай улс нийт хэдэн тээв­рийн хэрэгсэлтэй, хэдээс нь татвар, оношлогооны мөнгө авч хэдэн төгрөг төсөвт төвлөрүүлэх нь тодорхой бус байна. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд татварын өрөнд орсоор байгаа юм.
 
Хэн ч ашигладаггүй улсад бүртгэлтэй 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Дээр нь импортоор жилд дунджаар 50-60 мянган тээврийн хэрэгсэл орж ирж хуучин тээврийн хэрэгсэл шахагдаж байгаа ч улсын бүртгэлээс хасагдахгүй хий дэмий төсөв хөөсрүүлж, тоог өсгөсөөр байна.
 
Татвар, үзлэг оношлогоо жилд 60 хувиас дээш гардаггүй нь бүгд эзэнгүй машинуудын "гавъяа”. 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн өмчлөгч  бүр рүү холбогдож их хэмжээгээр хуримтлагдсан татвар, оношлогооны өр төлбөрийг барагдуулсны дараа бүртгэлээс хасна гэдэг бараг боломжгүй зүйл аж. Тиймээс бүгдийнх нь өр төлбөрийг Өршөөлийн хуульд хам­руулж өмчлөгчийн хүсэлт­гүйгээр улсын бүртгэлээс хасах ажлыг холбогдох байгууллагууд эхлүүлжээ. Энэ ажил одоохондоо хэрэг­жиж эхлээгүй ч Зам тээврийн яамнаас Хуульзүйн яаманд зохих хүсэлт, албан тоотыг хүр­гүүлсэн байна. Хууль­зүйн яам дэмжих юм бол Өршөөлийн хуульд хамруулж иргэд, аж ахуйн нэгжүүд өргүй болж, автоматаар тоо өсгөөд байгаа тээврийн хэрэгслүүдийн улсын дугаар хасагдах юм.
 
"Эзэнгүй” тээврийн хэ­рэгслийг улсын бүртгэлээс хэрхэн хасах талаар Авто тээврийн үндэс­ний төвийн Бүрт­гэлийн архив, лавла­гааны тасгийн дарга О.Адъяасүрэнгээс тодруулсан юм.
 
-Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүрт­гэлээс хэрхэн хасуулах вэ?
 
-Өмчлөгчид нь мэдэг­дээд татварыг нь нэхэхээр надад тийм машин байхгүй, олон жилийн өмнө зарсан, сэлбэгэнд өгөөд дууссан гэх тайлбар хэлдэг. Тиймээс Өршөөлийн хуульд хамрагдах юм бол тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч  тоог нь бодит болгох юм. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журамын дагуу улсын бүртгэлээс хасахад татварт өр төлбөргүй байх. Өмчлөгчийн хүсэлт бичиг баримтын хуулбар. Төмөр дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байх шаардлагатай.
 
-Олон жилийн өмнө сэлбэгэнд өгсөн машины гэрчилгээ, төмөр дугаар гээгдсэн бол яах вэ?
 
-Бичиг баримт байхгүй дугаар хаягдсан бол тэмдэгтийн хураамж тушаана. Төмөр дугаар 16-40 мянган төгрөг. Гэрчилгээ 20 мянган төгрөг байдаг. Манай Авто тээврийн үндэсний төвийн www.transdep.mn цахим хуудасны мэдээ мэдээлэл хэсэгт улсын дугаарыг нь хасах шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт байгаа. Хувь хүн болон байгууллага регистерийн дугаараа оруулаад хайж болно.
 
-Өршөөлийн хуулиар бүртгэлээс хассан тээв­рийн хэрэгслийн өмчлөгч гомдол гаргавал улсын дугаарыг сэргээх боломжтой юу?
 
-Өмчлөгч нь ашигладаг байсан гээд гомдол гаргавал татварыг нь нөхөж төлүүлээд техникийн хяналтын үзлэгт оруулаад буцаагаад бүртгэнэ.Эхний ээлжинд сүүлийн дөрвөөс жил өөрчлөлт хийгдээгүй 95750 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна. Дараа нь  хилээр гараад хугацаандаа буцаж орж ирээгүй 9500 машиныг хасна. 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.