“Голомт” хүүхдийн паркийг хувьчилсан аргаар хотын захиргааны байрыг авах гэж байна

754

“Голомт” хүүхдийн паркийг хувьчилсан аргаар хотын захиргааны байрыг авах гэж байна

 

-"Голомт файннэйшнил групп" ХХК-тай байгуулах Концессын гэрээ нь "өмчлөх-ашиглах" эрхийг давхар авах нөхцөлтэй. Ийм давуу эрхтэй нөхцөл бүхий Концессын гэрээг өрсөлдөгчгүйгээр тус компани авахаар болжээ-

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болж, нийслэлийн засаг захиргааны I байр буюу Засаг даргын Тамгын газрын барилгыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих концессын гэрээг "Голомт файннэйшнил групп" ХХК-тай байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тус компанитай гэрээ байгуулахаар болжээ гэсэн үг юм.

Дээрх концессын гэрээний нөхцөлд байгаа хамгийн анхаарал татах зүйл нь гэвэл шинээр барих барилгыг өмчлөх, ашиглах эрхийг уралдаант шалгаруулалтаар сонгогдсон тэрхүү компанид давхар олгох тухай заалт юм. Тэгвэл тэрхүү уралдаант шалгаруулалтаар сонгогдсон компани нь "Голомт" банкийг эзэмшигч болох "Голомт файннэйшнил групп" болох өчигдрийн хурлын үеэр ил боллоо. Концессын гэрээний эрхийг уралдаант шалгаруулалтаар олгоно гэж НИТХ-ын Тэргүүлэгчдийн удаа дараагийн тогтоолд заасан боловч ийм тендер зарлагдаагүй, тийм ч учраас "Голомт файннэйшнил групп" ХХК-аас өөр этгээдээс санал ирээгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Ердөө ганцхан оролцогчтой уралдаант шалгаруулалт болоод өнгөрсөн гэсэн үг. Тэгэхээр уралдаант шалгаруулалт гэдэг нэрийн цаана нийслэлийн удирдлагууд ганцхан компанитай тохиролцоо хийж, энэ хуйвалдааныхаа нийслэлийн захиргааны барилгын газрыг "Голомт файннэйшнил групп" ХХК-д өмчлүүлэх нөхцөлөөр үнэ төлбөргүйгээр шилжүүлчихлээ гэдэг эсэргүүцлийг НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд илэрхийлжээ. Гэвч тэдний эсэргүүцлийг үл тоон НИТХ-ын олонхи дээрх шийдвэрийг гаргаж, дарга Д.Баттулга нь гарын үсэг зуран батламжилсан байна.

Концессын гэрээ гэдэг нь гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр ажлаа хийчихээд дараа нь төрөөс мөнгөө авах харилцаа юм. Гэтэл "Голомт файннэйшнил групп" ХХК-тай байгуулах Концессын гэрээ нь "өмчлөх-ашиглах" эрхийг давхар авах нөхцөлтэй. Ийм давуу эрхтэй нөхцөл бүхий Концессын гэрээг өрсөлдөгчгүйгээр тус компани авахаар болжээ. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд газар ямар өндөр үнэтэйг талбайн зүүн талын хуучин Хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдаа бэлхнээ харуулсан. Тэгвэл талбайн яг нөгөө талын нүүрэн эгнээний барилга бүхий газар нээлттэй дуудлага худалдаанд орвол чухам ямар үнэ хүрэхийг хэн ч барагцаалан хэлж чадах байх. Тийм үнэ цэнтэй газрыг нэг оролцогчид зориулсан "хаалттай" уралдаант шалгаруулалтаар авч чадаж байгаа "Голомт файннэйшнил групп" ХХК нийслэлийн эрх бүхий хүмүүстэй чухам ямар холбоотой вэ?

Энэ удаагийн Концессын гэрээний эрх олгох уралдаант шалгаруулалтад ганцхан газар саналаа ирүүлсэн нь "Голомт секрютиз" ХХК, "Бодь пропортез"ХХК, "Энкон" ХХК-ний хамтарсан консорциум буюу "Голомт файннэйшнил групп"-ийн охин компаниудын нэгдэл байсан. "Голомт файннэйшнил групп" ХХК нь "Голомт" банкны эзэмшигч Д.Баясгалангийнх. Өмнө нь Хүүхдийн паркийг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ хэмээн нийслэлийн өмчөөс хүүхдийн паркийн газрыг авч байсан тэр аргаараа энэ удаад ч бас хотын захиргааны байрыг шинэчлэх нэрийн дор авч байгаа бололтой. Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй зургаан давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгон барих бөгөөд 1-3 давхрыг нийслэлийн өмчид шилжүүлээд дээрх давхруудыг өөрөө өмчлөх юм байна.

Эх сурвалж:

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>