Швед орноор аялацгаая: "SYSTEMBOLAGET" буюу Шведэд архийг хэрхэн худалддаг вэ?

1606

Оросуудын дунд нэгэн моод дэлгэрээд байгаа нь улс гүрнүүдийн хэд хэдэн том компаниудыг "чөтгөрийн корпораци" хэмээдэг болж. Тэдгээр нь агуу хүчирхэг, салбартаа монополист хэмээх "Кока-Кола", "Гугл", "Адидас", "Эйр Чайна" гэх мэт олон мангасууд байдаг аж. Тэгвэл Шведийн нэгэн компаний нэр үүнд багтаж байгаа нь нууц биш болжээ. Энэ бол "Икеа" биш гэнэ... Өдгөө Европын соёл иргэншилтэй иргэд АЛКОГОЛЬ-ТУР гэж гаж зүйл хийдэг болсон, түүнд нь архи ууж чадах насны ямарч эр хүн хамрагддаг, хүүхнүүд хүртэл аялалд хамрагдахаас татгалздаггүй гээд олон зүйлийг мэддэг болоод удаж байна. Ингэхдээ энэ архи-тур нь зөвхөн Скандинавийн иргэдийг өргөнөөр хамарч байгаа нь анхаарал татах болжээ. /Энэ бүс нутагт найруулсан спирт, самогони, шагийн архи гэж байдаггүй болхоор ч тэр байх/ Ялангуяа Шведэд гарч гүйгээд ТҮЦ-нээс "найрка" аваад уучих боломж бүр байхгүй. Тийм ойлголт үгүй болоод удаж байгаан байна лээ. Глобалчилсан нийгэмдээ энгийн иргэд хаана хэдэн гр архи ууж байгааг хянах системтэй болчихсон аж. Төр засаг нь хүүхдийг хар нялх наснаас нь инкубаторт байгаа дэгдээхий аятай асарч тойглож, сөгдөж эрхлүүлж өсгөх хатуу хуультай. Тэгвэл үүнд нь харшлах хамгийн гол дайсан бол АРХИ. Ингээд тэд их ухаан гарган амар амгалан амьдралыг бий болгохын тулд архиний зах зээлийг цэгцэлж, худалдааг нь гартаа оруулж "SYSTEMBOLAGET" гэх сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулжээ. Энэ нь "Системт компани" гэж ойлгогдох аж. Зөвхөн "Systembolaget" л Шведэд алкоголь зарах бөгөөд согтуу эсвэл их халамцуу бол түүгээр үйлчлүүлэх хориотой болсон. "-Та одоо болсон байна. Дахиж уух хэрэггүй. Сайхан амраарай..." гээд худалдагч хамгаалагчийн хамт үдэж гаргана даа. Өдгөө Швед даяар "Systembolaget"-ийн 431 дэлгүүр байгаа бөгөөд энэ нь 22.000 хүний дунд нэг гэсэн тооцоо байдаг. Дүрмийн дагуу бүх салбарууд 10.00-19.00 цагийн хооронд ажилладаг. "Хагас нь сайн" өдөр бол 10.00-15.00 харин "бүгдээрээ сайн" өдөрт амардаг. Энэхүү "АРХИНИЙ ЭСРЭГ ДАЙН"-д бас нэг хатуу цензур бий. Насны хязгаар заах. Шведэд 18 хүрч байж насанд хүрсэнд тооцдог хуультай. Тэгвэл Systembolaget нь 20 нас хүрээгүй залууст архиа худалддаггүй юм. Хэрвээ тухайн хүн 25-аас доош насны "сэжиг бүхий" харагдвал худалдагч түүнээс бичиг баримтыг нь шаардах эрхтэй. Гэхдээ "Systembolaget"-ийн зүгээс залуу үеийг халамжлахын зэрэгцээ хэрэглэгчээ ялгаварлан гадуурхсан асуудалд орохгүйн тулд харьцангуй алкоголь багатай бүтээгдэхүүн борлуулдаг болоод байгаа. Харин үүнд нь эцэг эхчүүд дургүй байсан ч Шведийн засгийн газрын харьяа Согтууруулах ундааны нэр төрлийг хянан шалгах хорооны зөвлөмжийг шууд дагахаас өөр аргагүй болсон байна. Шведэд "юм олж уухад" тохиолдох бас нэг зовлон бол 17.000 төрлийн согтууруулах ундаанаас сонголт хийх явдал юм. Хэрвээ таны амьдарч байгаа дүүрэгт "Systembolaget" байхгүй бол хүссэн амт, хэлбэр загвар бүхий сархадаа тусгай каталог ашиглан захиална даа. "Systembolaget"-ийн бас нэг баримталдаг зарчим бол тухайн салбар дэлгүүр хаана байрлаж байгаагаас шалтгаалан тухайн газарт үйлдвэрлэсэн архи, шар айраг, дарсыг бага татвартайгаар худалдаалдаг. Шведүүд нь өөрсдөө энэ дэлгүүрийг үнэтэй хэмээн гомдол гаргадаг ч дарс, шар айраг нь бас ч гэж хямд талдаа гэнэ. Итали, Франц шиг 3-5 евро биш аж. Systembolaget-ийг "-ДЭЭРЭМЧИН..." хэмээн харааж орилоход тэд өөдөөс нь "-Үнэтэй байх тусам бага ууна" хэмээн хариулдаг байна. Хэрвээ та мах амтлах зорилгоор улаан дарс авахаар худалдагчаас асуухад тэр уриалгахан туслана. Харин таныг нэмж уух дарс аваач хэмээн хэзээч ятгахгүй. Харин ч таныг хэт өндөр градустай сархад авах гэж байвал арай бага бүр алкогольгүй шар айраг, дарс авахыг ятгана даа. Энэ нь тэдний ҮҮРЭГ аж. Энэ дэлгүүрээр хүйтэн шар айраг огт зардаггүй. Үүнийгээ дэлгүүрийн удирдлагууд тайлбарлахдаа "-Хэрэглэгчийн дур хүслийг улам ихээр өдөөж хэт согтолтонд хүргэнэ" хэмээдэг. Тиймээс ч Systembolaget-д хөргөгч гэж байхгүй. Хуулийнхаа дагуу супермаркетууд ч "эмээ пиво"-нуудаа /бага градус бүхий шар айраг/ хөргөгчинд хийх хориотой байдаг. Шведэд хэдийгээр согтууруулах ундааг сонин, ТВ, интернетээр сурталчилахыг хориглодоггүй ч Systembolaget хэзээ ч зарж байгаа бүтээгдэхүүнээ рекламддагүй. Харин өөрийнхөө албан ёсны сайтаар л сурталгаагаа байршуулдаг байна. За ингээд дээрх дүрэм журам, санал санаачлага, оновчтой маркетинг, хатуу хууль зэргээс нь авах зүйл байвал сонирхоорой. Юу ч гэхэв, энэ ухаантай "викингүүдийг". Ийм болохоор нь л 100 гр татахаас хэзээч татгалзаж байгаагүй орос ах нар маань "ЧӨТГӨРИЙН..." хэмээн уурсхав дээ. Цагтаа архин далайд живэх шахаж, цус ойртолтоороо Европыг түгшээж байсан Шведүүд минь мундаг байна аа... Яахав хэт их уух дуртай нь АРХИ-ТУР хийнэ л биз. Хүүхдүүд, ээжүүд, эмээ өвөө нар л амгалан байвал АРХИ цаашаа л гэнэ шүү, эд нар. Стокхольм. ШВЕД Р.Слава "Slava Photo" studio 2016-05-18

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>